Хүслийн зүйл: Гарын аясаар дрон, компьютер, ухаалаг төхөөрөмжөө алсаас удирдах Myo band
Iron Man шиг л
Бугуйн цагнаас ч хөнгөхөн, ердөө 93 гр жинтэй энэхүү Myo band бугуйвч танд олон төрлийн технологийн хэрэгслийг утасгүйгээр удирдах боломж олгоно. Thalmic lab-ын хамт олон хөгжүүлсэн дохио дамжуулагч Myo band төхөөрөмж хүмүүсийг дроноо гарынхаа аясаар удирдах чадвар бэлэглэж байна. Хэрэв та Netflix-ээр үзэж буй киногоо зурагтын удирдлагагүйгээр солихыг хүсвэл зүгээр л Myo band-тай гараа хөдөлгөхөд болно.
Энэхүү ухаалаг бугуйвч нь таны булчингийн электрон цохилтыг ухаалгаар уншиж, хийх гэсэн үйлдлийг тань таних горимтой. Таны тархинаас биед тань илгээж байдаг миографик сигналыг хүлээн авч, ердөө хэдхэн миллсекундын дараа л удирдахыг хүсч буй төхөөрөмж рүү чинь bluethooh, wireless холболтоор дамжуулан илгээнэ гэсэн үг.
Та ухаалаг төхөөрөмжүүдээ удирдах үйлдлийг хийхийн тулд Myo band-ыг зүүгээд, гараа таван өөр янзаар хөдөлгөөрэй. Гараа атгах, хоёр хуруугаа хооронд нь товших, алгаа дэлгэх, гараа баруун, зүүн тийш хөдөлгөх бүртээ та олон төрлийн технологийн хэрэгслийг удирдах зуу, зуун үйлдлийг хийнэ. Энэхүү төхөөрөмж нь орчин үеийн технологийн олон хэрэгсэлтэй хослон ажилладаг байна. Тухайлбал Mac, Windows үйлдлийн системтэй сүүлийн үеийн компьютерууд, iOS, Android үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжүүд Myo band-тай холбогдоно. Мөн энэ төхөөрөмж нь зөвхөн энтертэйнмэнт үйлдэлд бус хурлын үеэр проектер дээр танилцуулга хийж буй хүнд хялбархан удирдлага болно. Эсвэл хиймэл, роботон хөл гартай хүмүүс бүтэн мөчтэй юм шиг биеэ удирдахад ч тэр туслаж чадна.
Myo band-аар удирдаж болох дронуудын хувьд гэвэл Bebop, Jumping Sumo, Rolling Spider, Parrot 2.0 зэрэг бүтээгдэхүүнүүд бий. Тэгэхээр та хэдий хэр ухаалаг төхөөрөмж хэрэглэдэг байна, төдий чинээ амьдрал чинь сонирхолтой бөгөөд хялбар болох нь ээ. Хэрэв та энэхүү төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан ёсны цахим хуудсаар нь зочлоорой.