Савлагаанаас нь гаргаагүй нэгдүгээр үеийн iPod 29,000 ам.доллароор үнэлэгджээ
2001 онд гарч байсан нэгдүгээр үеийн лац савлагаатайгаа iPod төхөөрөмж Rally платформ дээр 29,000 ам.доллароор зарагджээ. iPod-ын эзэн өсвөр насандаа эцэг эхээсээ зул сарын бэлэг болгон энэхүү төхөөрөмжийг авч байсан бөгөөд тухайн үед 399 ам.долларын үнэлгээтэй байжээ. Ийнхүү авсан бэлгэдээ гар хүрэлгүй явсаар өдийг хүргэсэн гэдгээ тэрээр Rally компанийнханд хэлсэн байна.
“Тэр үүнийг хэрхэн ашиглахаа сайн мэдэхгүй байж. Тиймээс тавиур дээрээ үлдээгээд мартчихаж л дээ” хэмээн Rally-гийн хамтран үүсгэн байгуулагч Роб Петроццо хэлжээ. iPod-ын эзэн гэрээ цэвэрлэх явцдаа олон жилийн өмнө авсан энэхүү зул сарын бэлгээ олсон бөгөөд тухайн үед түүний эцэг таалал төгсөөд удаагүй байсан гэнэ. “Энэ бол жинхэнэ цаг хугацааны машин” хэмээн Петроццо түүний түүхийг сонсон сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Сонирхуулахад, Rally бол ховор нандин эд хэрэгсэл өөрсдийн платформ дээрээ байршуулж олон нийтэд хамтран эзэмших эрх олгодог компани юм. Тэгвэл энэхүү iPod-ын эзэмших эрхийг тус бүр 5 ам.долларын үнэ бүхий 5,000 хувьцаагаар үнэлсэн байжээ. Төд удалгүй нэгэн хөрөнгө оруулагч нийт хувьцааг худалдан авч өөрийн онцгой эзэмших эрхээ бүрдүүлсэн ажээ.