Нарны эрчим хүчээр ажилладаг Solar Impulse II онгоц дэлхийг тойрох аяллаа өндөрлөж Абу Дабид газардлаа
Нарны нислэг
Анх 2015 оны гуравдугаар сарын 9-нд дэлхийд урьд өмнө нь хийгдэж байгаагүй нэгэн чухал нислэг АНЭУ-ын Абу Даби хотоос эхэлсэн юм. Энэ бол эрчим хүчээр ажилладаг хөдөлгүүртэй "Solar Impulse-II" онгоц дусал ч түлш хэрэглэхгүйгээр дэлхийг тойрч чадах уу гэдэг их сорилын эхлэл байлаа. Тэгвэл өнөөдөр буюу долоодугаар сарын 26-нд Solar Impulse II онгоц нийт 17 нислэгээр дэлхийг тойроод Абу Даби хотод эргэн газардсан байна.
Нислэгийн баг хоёр хүнээс бүрдсэн бөгөөд төслийг үүсгэн байгуулагч CEO Андрей болон Бетранд Пикард нар онгоцыг жолооджээ. Тэдний хамгийн урт аялал нь Японоос Хавай хүртэлх Номхон далайн 8924 км замыг 118 цагт туулсан нислэг болсон юм. Хэдийгээр "Solar Impulse-II" онгоц сэргээгдэх эрчим хүчээр зогсолтгүй олон цаг агаарт байж чадах техникийн үзүүлэлттэй ч бага орон зайд явах нисгэгчдийн хувьд амарч, хооллохоос эхлээд агаарт удаан байх нь томоохон сорил болжээ.
Solar Impulse II-ын нисгэгч Бертранд Пикардын угийн бичигт судлаачид, хайгуулчид олон бий. Түүний өвөө нь агаарын бөмбөлөг хөөргөгч, аав нь далай тэнгисийн гүнээр аялагч байсан. Пикард өөрөө 1999 онд агаарын бөмбөлгөөр дэлхийг зогсолтгүй нисч тойрох аялал хийсэн бөгөөд тэр үед анх шатахуунгүйгээр дэлхийг тойрох хөлөг бүтээх санаа сэджээ.
Дэлхийг тойрсон анхны нарны эрчим хүчээр ажилладаг энэхүү онгоцны 72 м хэмжээтэй далавч тэр чигээрээ нарны эрчим хүч хураагуураас бүрдсэн юм. Solar Impulse II онгоц нь өргөнөөрөө Боинг 747 Жумбо жет онгоцноос ч том боловч тус нисэх онгоцны нийт жин нь ердөө 2300 кг. Энэхүү хөнгөн жин нь тус онгоцыг 8500 м өндөрт хөөрөх боломж олгодог байна.
Дашрамд сонирхуулж хэлэхэд “Solar Impulse-2”-ын далавчны шургааг нь 2012 онд хугарч, дэлхийг тойрох зорилго нь жилээр хойшлогдож байсан юм.