Алтадсан эрвээхий: Марая Кери M.A.C-д зориулж зул сарын цуглуулга бүтээлээ

Нүд гялбам

Таны энэ шинэ жил, зул сарын косметикийн сонголт Марая Керигийн ачаар илүү хээнцэр, тансаг болох нь ээ. Хаанаас ч харсан танигдах дэгжин, нүд гялбам стильтэй дуучин бүсгүй M.A.C брэндтэй хамтарч, өөрийн дагина шиг дүр төрхийг илтгэсэн баярын цуглуулга гаргалаа

Арванхоёрдугаар сарын 15-нд нээлтээ хийх уг цуглуулга нь таван уруулын будаг, таван уруул өнгөлөгч, хоёр нүдний тенийн иж бүрдэл, шингэн контур, хоёр хацар өнгөлөгч, гялалзуулагч нунтаг, хоёр багс, хоёр хиймэл сормуус болон нунтаг пудр гэх нийт 23 бүтээгдэхүүнээс бүрдсэн байна.

"Би энэхүү төсөл дээр ажилласандаа маш их баяртай байгаа. Учир нь би ийм зүйл хийхийг аль эртнээс хүсч ирсэн. Би M.A.C-д дуртай, үргэлж дуртай байх болно. Шинэ цуглуулгын бүтээгдэхүүн бүрийг би өдөр тутамдаа болон тайзан дээр хэрэглэнэ! M.A.C брэндийн хамт олон надад өөрийн уран сэтгэмжээ бүрэн дүүрэн илэрхийлэх боломж өгсөн. Энэ нь яг л дуу бичихтэй адил маш бүтээлч үйл явц байсан шүү" хэмээн Марая Кери InStyle сэтгүүлд ярьжээ.

Цайвар ягаан, бор, шаргал, алтан, мөнгөлөг өнгөөр дагнасан бүтээгдэхүүнүүд мөн адил гялалзсан, чамин савалгаатай болсон нь баярын уур амьсгалыг төгс бүрдүүлсэн байлаа. Уруулын будаг дээрх эрвээхий, гялалзуулагч нунтаг дээрх өхөөрдөм бүсгүйн дүр төрх зэрэг зүйлс анхны харцаар таны сэтгэлийг булаах болно.

Цуглуулга M.A.C брэндийн вебсайт болон албан ёсны дэлгүүрүүдээр худалдаалагдана.

Ө.Тодгэрэл

2016-11-18, 13:00