Тренд бүрийг дагах хэрэггүй
TikTok платформ дээр "Morning Shed" хэмээх арьс арчилгааны сонирхолтой чиг хандлага эрэлттэй хэвээр буй. Энэ нь та орой унтахын өмнө идэвхтэй найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүнүүд, олон төрлийн маск, ам болон нүдний хамгаалалт, үрчлээний эсрэг наалт, эрүүний боолт, халдаггүй үс ороогч зэрэг маргааш өглөөг толигор, гэрэлтсэн арьс, үстэй угтахад туслах маш олон зүйлсийг нэгэн зэрэг хэрэглэн хонох тухай ойлголт юм. Хачирхалтай сонсогдож болох ч үнэхээр энэ төрлийн арьс арчилгааг маш олон хүн туршсан хэвээр байгаа юм. Тэгвэл мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү чиг хандлага арьсыг цочроож, нойрны чанарт сөргөөр нөлөөлөх аюултайг анхааруулаад байна.
Тухайлбал, Cadogan клиникийн арьс судлалын эмч, доктор Софи Момен орой бүр хүнд бүтэцтэй, шаардлагагүй бүтээгдэхүүн нүүрэндээ хэт их түрхэх нь арьсны нүхийг бөглөж, арьсан дээр толбо үүсгэж, нүдний эргэн тойронд цагаан батга гарах шалтгаан болох боломжтой хэмээв. Мөн тэрээр уруул чийгшүүлэх маск, толгойн боолт зэргийг шөнийн турш хэрэглэх нь давуу талтай байж болох ч энэ чиг хандлагыг ерөнхийд нь “Хэт их цаг хугацаа ордог, шаардлагагүй зүйл” хэмээн тодорхойлсон юм.
Харин Rise Science компанийн үүсгэн байгуулагч, нойрны мэргэжилтэн Жефф Кан “Хүн унтаж байх үедээ ямар нэгэн дэг журамд баригдаж, биеэ сул чөлөөтэй байлгаж чадахгүй байх нь бие махбодын өөрийгөө нөхөн сэргээх үйл явцад сөргөөр нөлөөлдөг ба энэ нь цаашлаад дутуу нойрноос үүдэлтэй эрүүл мэндийн ноцтой эмгэгүүдийг бий болгох эрсдэлтэй” хэмээсэн юм. Мөн mouth tape буюу амны наалт нь унтаж байхдаа шүдээ хавирдаг дадалтай хүмүүсийн шүдийг гэмтэхээс сэргийлэх, тэднийг шөнийн турш бат бөх нойрсоход нь тусалдаг эрүүл мэндийн зориулалттай хэрэгсэл. Хэрэв амны наалт, нүдний хаалт зэрэг зүйлсийг хэрэглэх нь хүнд тухгүй, таагүй мэдрэмж төрүүлбэл энэ нь эсрэгээрээ нойрны чанарт сөргөөр нөлөөлж, стрессийн түвшнийг нэмэгдүүлэх сул талтай байдаг гэлээ.
Тиймээс аливаа тренд, чиг хандлагыг дагахаас илүүтэй зөвхөн өөрийн арьсны онцлогт тохирох бүтээгдэхүүн сонгож, зөв дадал зуршилтай болохыг зөвлөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт