Үнэртэй усыг хэрхэн зөв түрхэж, өөрийн үнэрийг олох вэ?

Сүрчиг гэдэг нь юуны түрүүнд сэтгэлийн хөдөлгөөн юм

Marc Jacobs-ийн Lola, Dior-ийн J'adore, YSL-ы Vestiaire de parfums Caftan болон Tom Ford-ын Velvet Orchid сүрчгүүдийг бүтээсэн үнэртний мэргэжилтэн Кэлис Бекер Австралийн Vogue сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэрхэн өөрийн үнэрийг олох, мөн сүрчгийг зөв түрхэх тухайд зөвлөгөө өглөө.

Хэрхэн өөрийн үнэрийг олох вэ?

Мэргэжилтний онцолж буйгаар ихэнх хүмүүс өөрсдийн зан чанарт нийцээгүй, буруу сүрчиг сонгодог байна. "Таныг илэрхийлэх чадвартай, мөн хамгийн гол нь арьсанд тань нийцэж, харилцан уусдаг сүрчиг сонгох нь зүйтэй. Нэг төрлийн сүрчиг өөр хүмүүст өөрөөр илэрдгийг бүгд мэддэг шүү дээ" гэж Кэлис тодотгон хэлсэн юм. Түүний зөвлөснөөр эхлээд олон төрлийн сүрчиг туршиж үзэн өөрт тань ямар мэдрэмж төрж буйг анхаарах хэрэгтэй аж. Хамгийн гол нь сүрчгийг түрхсэний дараагаар арьсан дээрээ хэсэг хугацаанд байлгаж, хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг нь ажиглах ёстой гэнэ.

Сүрчгийг хэрхэн зөв түрхэх вэ?

Сүрчгийг бугуй, хүзүү, тохой, өвдөгний ар хэсэг, шагай гээд хаана ч түрхэж болно. Гэхдээ Кэлис Бекерийн хэлснээр сүрчиг гэдэг нь юуны түрүүнд сэтгэлийн хөдөлгөөн юм. Тиймээс сүрчгээ танд хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг газраа түрхэх нь зүйтэй.

Харин сүрчиг түрхэхдээ гаргадаг алдааны тухайд Кэлис хувцас руу цацах, эсвэл түрхсэн хойноо арьсаа хооронд нь үрэх зэргийг дурдсан юм. Сүрчиг хувцсыг муухай болгох эрсдэлтэй төдийгүй арьсан дээрээ түрхэн "тайван" орхиогүй тохиолдолд жинхэнэ үнэр нь гарахгүй байх магадлалтай гэнэ.

Buro.Mongolia

2018-08-13, 16:00