Хэт их наранд шарсан арьсаа хэрхэн нөхөн төлжүүлэх вэ?
Арьсны улайлт, загатнах, хорсолт нь хөнгөн болон дунд зэргийн түлэгдэлтийн шинж тэмдэг юм. Харин цэврүү үүсэх нь хүнд хэлбэрийн түлэгдэлтийг илтгэнэ. Эдгээр шинж тэмдгүүд наранд ил гарснаас хэдэн цагийн дараа илэрдэг. Наранд түлэгдсэн тохиолдолд хамгийн түрүүнд арьсаа хөргөх нь маш чухал. Үүний тулд хүйтэн шүршүүрт 10-15 минут ороход л хангалттай. Гэхдээ шүршүүрт орохдоо янз бүрийн саван хэрэглэхгүй байсан нь дээр. Учир нь савангийн найрлаганд орсон бодисууд арьсыг бүр ч их цочроох магадлалтай. Мөн ус хэт хүйтэн байх ёсгүй гэдгийг анхааралдаа аваарай. Арьсанд усгүйжилт явагдсан байдаг тул шүршүүрээс гарахдаа биеэ алчуураар үрж, хуурай болтол нь хатааж болохгүй.
Түлэгдэлтийн зэргээс хамаарч, бага зэрэг чийгтэй арьсан дээр E аминдэм ба тосонд суурилсан чийгшүүлэх бүтээгдэхүүн, тайвшруулах үйлчилгээтэй зуун настын гель түрхэж болно. Харин маш их улайсан тохиолдолд пантенол бодистой бүтээгдэхүүн хэрэглэнэ. Эдгээр бүтээгдэхүүнүүд арьсыг тайвшруулж, тэнцвэрийг нь сэргээж мөн чийгшүүлснээр гуужилтаас сэргийлнэ. Нарны туяанд гэмтсэн арьс чийгшлээ илүү хурдан алддаг учраас түлэгдсэн хэсэгт өдөрт хэд хэдэн удаа чийгшүүлдэг болон нөхөн төлжүүлдэг бүтээгдэхүүн түрхэх хэрэгтэй. Харин нүүрний арьсанд хүйтэн жин болон зуун наст, гиалуроны хүчил, бисабололын орцтой чийгшүүлдэг даавуун маск (хөргөгчинд хийсэн байвал сайн) тавихад тохиромжтой.
Түлэгдэлтийн үед баримталдаг бас нэгэн чухал дүрэм бол маш их ус уух юм. Учир нь нарны түлэгдэлт бие организмыг усгүйжүүлдэг. Мөн улайлт арилах хүртэл цайвар өнгийн, битүү хувцас өмсөж, арьсандаа 50-иас багагүй SPF-тэй нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй. Гэхдээ бүтэн өдрийн турш наранд гарахгүй байвал бүр ч сайн.
Хэрэв наранд түлэгдсэн үед дотор муухайрч, халуурч, цэврүү үүсч байвал яаралтай эмчид хандаарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт