Urban Outfitters, Juicy Couture, Леди Гага нарын гаргаж буй брэндүүд
Juicy Couture брэнд энэ онд косметик бүтээгдэхүүн гаргаж эхэллээ. Одоогоор худалдаанд гарсан онцлох бүтээгдэхүүнүүд дунд Oui гэх тарвас, булцуу ба модны аястай сүрчиг өөрийн өвөрмөц үнэр болон брэндийн алдарт хослолуудыг санагдуулам өнгөлөг дизайнтай савлагааныхаа ачаар олны анхаарлыг татаад байна. Үүнээс гадна нил ягаан, оюу ногоон, улбар шар гэх зэрэг зоригтой өнгөний сонголттой нүдний тень, уруулын будаг зэрэг нь брэндийг бусдаас ялгарахад тусалж байна.
Царс модны холтсоор хийгдсэн ултай, хөлд асар эвтэйхэн гутлаараа алдаршсан Birkenstock брэнд арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд гаргаж эхэлжээ. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн үндсэн найрлагад царс модны холтосны ханд ордог бөгөөд бүтээгдэхүүний таглааг мөн холтсоор хийдэг байна. Түүнчлэн бүх бүтээгдэхүүний савалгаа, хайрцаг нь биологийн задралд ордог гэх маш том давуу талтай. Birkenstock гоо сайхны цуглуулгад гар ба хөлийн чийгшүүлэгч тос, арьсыг гадны хортой нөлөөнөөс хамгаалах мөн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бүтээгдэхүүнүүд ордог байгаа. Эрчүүдэд зориулсан цуглуулга ч бас бий.
Urban Outfitters брэнд өмнө нь хүмүүсийн тэр бүр мэддэггүй жижиг маркуудын гоо сайхны бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдээрээ худалдаалдаг байсан бол, энэ онд тэд өөрсдөө Ohii нэртэй брэнд гаргажээ. Ohii шинэ мянганыхныг чиглэсэн бөгөөд бүтээгдэхүүнүүд нь минимал дизайнтай, олон талын үйлчилгээтэй, сонирхолтой бүтэцтэй гэдгээрээ онцлог болж байна. Тухайлбал Ohii брэндийн уруулын будагнууд царцмаг хэлбэрийн бүтэцтэй байх нь нэгэн хэвийн будагнуудын дэргэд илүү сонирхолтой санагдах нь гарцаагүй. Тэр ч бүү хэл брэнд Instagram-д зураг нийтлэхэд зориулагдсан мөнгөлөг туяагаар гялтганах нүүрний хальсан маск санал болгож байгаа.
Леди Гагагийн гоо сайхны брэндийн тухай шуугиан эртнээс дэгдсэн ч дуучин бүсгүй одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ анхны бүтээгдэхүүнүүд ирэх оны хоёрдугаар сард гарах магадлалтай бөгөөд мэргэжилтнүүд Леди Гагагийн брэндийг Fenty Beauty шиг өндөр амжилтанд хүрнэ хэмээн зөгнөж байна. Haus Beauty нь косметик бүтээгдэхүүнээс гадна арьс арчилгааны цуглуулга гаргах бөгөөд цуглуулгад 70 гаруй төрлийн бүтээгдэхүүн багтах гэнэ.
Алдарт теннисчин Серена Уильямс саяхан барааны тэмдгээ бүртгүүлсэн бөгөөд шинэ брэндийнхээ хүрээнд арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, косметик будагнууд, үнэртэн, шампунь, үсний гель, саван болон бусад угаалгын хэрэгслүүд гаргах төлөвлөгөөтэй байна.
Энэ оны ихээр жүжигчин Линдси Лохан LLohan нэртэй гоо сайхны брэнд үүсгэн байгуулжээ. Тэрээр анхны цуглуулгадаа ягаан туяатай 6 төрлийн уруулын будаг, нунтаг пудр ба хайлайтер оруулсан байна. Ирээдүйд Линдси үнэртэн гаргах төлөвлөгөөтэй байна.
Хэдэн жилийн өмнөөс Sisley брэнд үс арчилгааны бүтээгдэхүүнүүд гаргаж эхэлсэн ч зөвхөн жилийн өмнө л бүтээгдэхүүнүүдээ Hair Rituel by Sisley Paris нэртэй брэндийн нэр дор нэгтгэлээ. Брэнд одоогоор шампунь, ангижруулагч, тоникжуулах серум, тос ба маск гэх үсэнд зориулагдсан бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Бүтээгдэхүүн бүр нь үс арчлахын зэрэгцээ толгойн арьсны эрүүл мэндийг сайжруулах үйлчилгээтэй юм.
Холливүүдийн нүүр хувиргагч Гуччи Вестман энэ оны хоёрдугаар сард нэрийн брэндээ гаргасан байгаа. Брэндийн бүтээгдэхүүнүүд цагаан хоолтон, амьтдын эрхийг хамгаалагч, органик зүйлсэд дуртай хүмүүст зориулагдсан гэдгээрээ онцлог болжээ. Одоогоор нүүрний крем, хацар өнгөлөгч, хайлайтер ба нүүр хэлбэржүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна.
The Ordinary брэндийн гаргасан The Inkey List брэнд нь хар-цагаан өнгийн минимал дизайн, боломжийн үнэ, найрлага дахь ретинол ба С амин дэмээр онцгойрдог. Одоогоор брэнд нийт 15 төрлийн бүтээгдэхүүн гаргаж амжсан бөгөөд бүтээгдэхүүнүүдийн үндсэн найрлагад төрөл бүрийн ач тустай хүчлүүд оржээ. Нүдний арьсанд зориулагдсан серум, нүүр цэвэрлэгч маск, чийгшүүлэгч тос зэрэг өдөр тутмын арьс арчилгаанд шаардлагатай бүхий л зүйлс энд бий.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт