Гоо сайхны чиг хандлага: Сэвх

Төрөлхийн болон олдмол сэвхийг нуун дарагдуулах биш, харин гайхуулан харуулах хэрэгтэй

Сассексын гүнгийн авхай Меган Маркл өөрийн хуриман дээр нүүрээ бараг л будалгүйгээр, төрөлхийн сэвхээ харуулан гарч ирснээс хойш хүн болгон ийм арьстай болохыг хүсэх боллоо. Гэхдээ бүх учир сэвхэнд байгаа юм биш. Facetune болон Instagram фильтрүүдийн энэ эрин үед бүсгүйчүүд ямагт өөгүй төгс харагдахыг хүсэж, энэ нь эцэстээ айдас төрүүлэм, хуурамч нийгэмлэг бий болгож байна. Ийм ч учраас загвар, гоо сайхан ба кино ертөнцийн нөлөө бүхий эрхмүүд эргээд байгалийн дүр төрхөө эрхэмлэхийг уриалж, нэгэн төрлийн давалгаа үүсгээд байгаа билээ. Энэ дашрамд сонирхуулахад хааны гэр бүлийн хуримын өдрөөс хойш Google тавцан дахь "Меган Марклын сэвх" гэх хайлт 100%-иар нэмэгдсэн байна.


Кайли Женнер хүртэл өөрийн төрөлхийн сэвхийг шүтэн бишрэгчиддээ харуулахаар шийдэж, олон нийтийн сүлжээнд нийтэлснээр 7 сая гаруй like цуглуулж чадсан нь энэ давалгааны бас нэгэн баталгаа юм. "Эмэгтэйчүүдийн төрөлхийн сэвхээ харуулах, заримдаа бүр тодотгон гайхуулах хүсэл эрмэлзэл нь олон нийтийн сүлжээнд үүссэн хуурамч гоо үзэсгэлэнгийн эсрэг хэвийн хариу үйлдэл юм" хэмээн M.A.C брэндийн арт-директор Терри Барбер ярьж байна. Түүний нэмж хэлснээр одоо эрүүл, байгалийн арьс хамгийн ихээр тренд болж байгаа гэнэ.

Гялгар сэтгүүлүүд ч бас нүүр хуудсан дээрх бүсгүйчүүдийн арьсыг танигдахын аргагүй болтол нь янзлахаа больсон. Жишээ дурдахад саяхан Их Британийн Vogue сэтгүүлийн нүүр хуудсанд дуучин Ариана Гранде мөн л сэвхээ тодотгосон, байгалийн нүүр будалт хийсэн байгаа. Түүнчлэн үүнээс хэдэн сарын өмнө дуучин Кристина Агилерагийн будаггүй дүр төрх Paper сэтгүүлийн нүүр хуудсанд заларч байсныг та санаж байгаа биз ээ.

 

Buro.Mongolia

2018-06-21, 17:00