2021 онд давамгайлах нүүр будалтын 5 тренд
Цэнхэр өнгийн тень, драматик контур, эрүүл арьс гээд таны мэдэх хэрэгтэй гол чиг хандлагууд
Өнгө нэмцгээе, өөдрөг байцгаая! Сэтгэл түгшээсэн хүндхэн 2020 он ард хоцорсон тул одоо тэмдэглэх цаг ирлээ. Өнгөрсөн жилийн хар бараан өдрүүдийг мартан тод нүүр будалтаар өнгөлөг, эерэг уур амьсгал бүрдүүлэхийг уриалж байна. Halpern болон Gareth Pugh брэндүүдийн загварын шоу дээр гялтганасан ногоон, хөх ягаан өнгөнүүд үзэгдсэн бол Tom Ford-д тод ягаан, Chromat-д шар болон оюу ногоон өнгөнүүд давамгайллаа.
Хормын зуур сэтгэл сэргээх увдистай тод өнгийн уруулын будгийг энэ онд заавал чухал арга хэмжээ, үдшийн гоёл гэлтгүй хүссэн үедээ, хүссэн хувцаслалт дээрээ хэрэгжүүлж болно. Dolce & Gabbana болон Vivienne Westwood брэндүүд эртний Холливүүдийн бэлгэ тэмдэг болсон улаан уруулыг онцолсон бол Max Mara, Molly Goddard брэндүүд тод атлаа гялтганасан будалтыг санал болголоо.
Мэргэжлийн нүүр хувиргагчид одоо хүртэл Euphoria киноноос бүтээлч санаа аван, цэнхэр өнгийг оролцуулсан төрөл бүрийн сонирхолтой будалтуудыг хийсээр байна. Cornejo болон Bethany Williams-ийн шоунууд дээр үзэгдсэн электро цэнхэр тень, Charlotte Knowles дээрх индиго сормуус, Bora Aksu дээрх мөсөн цэнхэр уруул, мөн Tomo Koizumi дээрх аквамарин нүдний будалтаас санаа аваарай.
Өдөр тутамдаа маск зүүдэг болсон энэ үед нүүр хувиргагчид нүдэнд бүх анхаарлаа хандуулах болсонд гайхах зүйл үгүй билээ. Тод өнгөнүүдээс гадна зузаан, хүнд хар будалтууд, Клеопатра мэт этгээд контурууд, мөн хэтрүүлэгтэй смокинууд Dior, Giambattista Valli болон Valentino брэндүүдэд ажиглагдлаа.
Дэлхий дахинаа өрнөж буй үйл явдлуудаас хамааран хүмүүсийн эрүүл байх хүсэл урьд өмнөхөөсөө илүү хүчтэй бадарч, веллнесс салбар бүхэлдээ маш өсөлттэй байгаа билээ. Үүнийгээ дагаад аливаа будалтын тренд гэхээсээ илүү дотроосоо гэрэлтсэн эрүүл арьсыг хүн болгон эрэлхийлж, нүүр хувиргагчид ч маш нимгэн, гэрэлтсэн будалтыг хийж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт