Art Vision: Гадаадад сурч, төгссөн Монгол уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн

Нүүдэлчин сэтгэлгээ даяаршилд хэрхэн дасан зохицсон бэ?

Өнгөрсөн долоо хоногт Шангри-Ла Малл худалдааны төв нээгдэхэд "Монгол туургатан зураач, уран бүтээлчдийн олон улсын холбоо"-ноос нэгэн сонирхолтой үзэсгэлэнг нээлээ. Бид тус үзэсгэлэнд оролцсон зарим уран бүтээлчдийг тантай уулзуулж байна

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчид нэг үндсэн гол зорилготойгоор нэгджээ. Тэд дэлхийн олон оронд тархан суурьшсан Монгол гаралтай уран бүтээлч, урлаг судлаач, цуглуулагч, сонирхогч, дэмжигчдийн дуу хоолойг нэгтгэхээр хамтран ажиллаж эхэлсэн байна. Art Vision үзэсгэлэнд зураач С.Заяасайхан (Япон), реалист, суурь уран зураг зураач Б.Отгонтүвдэн (ОХУ), гэрэл зурагчин Б.Бат-Оргил (ОХУ), пост модерн зураач Х.Ариунзаяа (Казакстан), уран бүтээлч М.Ганболд (Австрали), график уран бүтээлч Zazaa (Берлин), зураасан зургийн уран бүтээлч Х.Сүрэн (Итали) нарын бүтээлүүд дэлгэгдсэн юм.

Үзэсгэлэн зохион байгуулах анхны санааг шог зураач С.Цогтбаяр ярьж байна

"Бид саяхан Б.Отгонтүвдэн, С.Заяасайхан нарын үзэсгэлэнг тун ойрхон хугацаанд дарааллан зохион байгуулж, олны хүртээл болгосон. Тэр үеэр цөөнгүй уран бүтээлч эх орондоо амрах гээд ирсэн байгааг анзаарсан ба тэдгээр хүмүүсийг хамарсан үзэсгэлэн зохион байгуулах санаа орж ирсэн юм. Тиймээс Q art gallery, VTV-тэй хамтран толилуулж буй энэ үзэсгэлэн тун богино хугацаанд зохиогдсон. Эндээс үзэгчид нүүдэлчин хүмүүсийн сэтгэлгээ суурин иргэншилтэй соёлд очоод хэрхэн дасан зохицож, өөрчлөгдөж байна вэ гэдгийг харж болно. Гадаадад суралцсан уран бүтээлчид даяаршилд яаж өөрчлөгдөж, ямар хувирал, мутацид орж байгаа юм бэ гэдгийг нэг дороос үзэх нь хүмүүст сонирхолтой байх болов уу? Хоёрдугаарт эдгээр уран бүтээлчдийн дадал, зуршил, хөдөлмөрлөсөн бүтээл, уншиж судласан зүйлс болон ерөнхий туршлага нь эргээд энд байгаа залуу уран бүтээлчдэд, урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад чухал мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна."

"Урлагийн хувьд дэлхий хавтгай болсон." Зураач С.Заяасайхан

"Амьд үлдэгсэд", С.Заяасайхан

Та саяхан бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ эх орондоо маш амжилттай зохион байгуулсан. Тэгэхээр тэнд дэлгэсэн 22 бүтээлээс та яагаад энэ бүтээлээ онцолж Art Vision үзэсгэлэнд дэлгэх болов?

Энэ бүтээлийн зохиомж нь Улаанбаатар хоттой ойролцоо юм болов уу. Бид өвөл болохоор цэвэр агаар амьсгалж болдоггүй шүү дээ. Ерөнхийдөө би нэг талаар маскаар дамжуулж утааг шулуухан илэрхийлсэн мэт боловч энэ зурганд өөр утга ч бас бий. Хүмүүс бидний байгуулж буй хэт хотжилт, хэт бөөгнөрөл, өндөр хөгжил дэвшил нь эргээд өөрөө амьд, байгалийн орчинд амьдрах бололцоогүй болгож байна шүү гэх анхааруулга бас агуулсан.

Та Японд эргэж очоод юу хийх вэ? Уран бүтээлчид ер нь төлөвлөгөөнд баригдах дургүй гэдэг. Таны хувьд ямар вэ?

Эргэж очоод зургаа зурна. Миний бүх зүйл төлөвлөгөөтэй явагддаг. Бид чинь ертөнцийн цаг хугацаанд баригдан амьдардаг учраас төлөвлөгөө гаргахгүй бол бүтэхгүй. Тэгэхээр цаг хугацаандаа багтаж уран бүтээлээ туурвиж, амьдрах хэрэгтэй гэж боддог.

Таны бүтээлүүд нийтээрээ голчлон их тод өнгөтэй байдаг. Тиймээс зөвхөн дотоод агуулга, өгүүлэмж нь шинэчлэгдсэн байгаа харагддаг. Тэгэхээр та шинэ бүтээлийн санаагаа хэрхэн олдог вэ?

Санаа бол хаа сайгүй байдаг. Чамтай ярилцаж байхад хүртэл санаа орж ирж болно. Монгол эхнэрийн хувцаснаас төрсөн гоё санаанууд байж болно. Дуу, аман яриа, домог, киноноос санаа авч болно. Хамгийн гол нь тэр санааг яаж илэрхийлэх вэ гэдэг дээр би их ач холбогдол өгдөг. 

Таны зураг бүртээ ашигладаг ямар нэг элемэнт бий юу

Магадгүй байж болох юм. Би чинь монгол зургийн суурьтай учраас монгол зургийн бэлгэдлүүдийг их ашигладаг. Ер нь өнгөний болоод үндэсний хээ угалзаар илэрхийлэгддэг бэлгэдлүүдээр гоё, гоё санаа илэрхийлж болдог. Тийм ч учраас миний бүтээлүүдээс монгол үнэр үнэртдэг болов уу.

Таныг монгол зургийн зураач гэх үү, уран зургийн зураач гэж тооцох уу?

Уран зураач. Яагаад гэвэл дэлхий даяарчлагдаж байгаа тул ямар нэгэн зүйлийг зөвхөн нэг орных гэж хэлэхэд хэцүү болчихсон. Жишээ нь Америкт өссөн хүүхэд Монголд ирээд, манай оронд дуртай болоод бидний тухай өгүүлсэн зураг зурвал, "Үүнийг монгол зураг гэх үү, үгүй юу?" гэх маргаан үүснэ ээ дээ? Тэгэхээр урлагийн хувьд дэлхий хавтгай болчихсон.

Та монголоос гадуур байхдаа үздэг үзэсгэлэнгүүдийг энд ирээд үзсэн үзэсгэлэнгүүдтэй харьцуулахад ямар нэгэн ялгаа мэдрэгдэж байна уу?

Манайд үзэсгэлэнгийн хувьд ярих юм байхгүй, боломжийн, тун дажгүй байгаа. Харин юу илүү анзаарагдаж байна вэ гэхээр зураачид маань реалистик чиглэлийн зураг их сайн зурдаг юм байна. Хүмүүс ч дуртай бололтой. Худалдан авагчдыг хараад байхад тэд голдуу соц реалистик зургуудыг харж өссөн байж магадгүй юм. Тэд тийм сэдвээр зурсан зургийг илүү таашаадаг юм шиг санагддаг. 

"Миний бүтээлүүдэд монгол үлгэр домог, аавын тухай дурсамж, танка зургийн элемэнт болсон хатгамалууд бий." Х.Сүрэн 

Энэ үзэсгэлэнд зориулж хамгийн олон бүтээл дэлгэсэнд чинь баяр хүргэе. Чиний эдгээр бүтээлүүд юу илэрхийлж байгаа юм бэ?

Баярлалаа. Миний бүтээлүүд бол ерөнхийдөө дипломын ажлууд байгаа. Техникийн хувьд бол модон барыг хөвөн даавуун материал дээр буулгаж хийсэн ба нэмээд хатгамалаар гоёж өгсөн. Хатгамалыг сонгосон шалтгаан нь болохоор монгол зураг, бурханы Танка зурагнаас санаа авч, түүнийг илэрхийлэхийг хүссэн юм. Бүтээлүүдийн гол утга учир гэвэл, би италид сурч байхдаа нэлээн олон хүнийг амьдралаасаа алдсан юм. Тэнд байхад тэр хүмүүс байхгүй болсон учраас миний сэтгэлд тэд үргэлж амьд юм шиг санагддаг. Тиймээс би тэднийгээ илүү дурсаж, сэтгэлдээ авч үлдэхийн тулд эдгээр бүтээлийг хийсэн байгаа. Тооно, үнэгтэй бүтээлийг аавдаа зориулж хийсэн. Хүүхэд байхад хүн бүрийн аав нь эсгийгээр үнэг хийж өгдөг шүү дээ. Мөн бусад дөрвөн бүтээлийг бас монгол үлгэрээс санаа авч хийсэн. Жишээ нь хараацай өөр гарагаас гал хулгайлж авчихдаг домгоор бүтсэн зураг байна. Бусад бүтээлээ би Эрхий мэргэн харваачийн тухай үлгэр, буга тэмээний эврийг хуурч авч яваад, эргүүлж өгөөгүй тухай үлгэр болон ээж нь хоёр хүүхдээ алдчихаад, араас нь шаналж суусаар байгаад уул болчихсон үлгэрүүдээр сэдэвлэж хийсэн байгаа. 

 

 

 

Ж.Чинбат

2016-07-25, 15:00