Ай Вэйвэй дүрвэгсдийн хувцсаар инсталляци бүтээлээ

“Хувцас угаалгын газар”

Хятадын алдарт контемпорари уран бүтээлч Ай Вэйвэй Персийн булан дахь дүрвэгсдийн асуудлыг хөндсөн сэдэвтэй шинэ үзэсгэлэнгээ Доха хотод гаргахаар төлөвлөж байгаа гэдгийг Artnet вебсайт мэдээллэж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн томоохон хэсгийг "Laundromat" (Хувцас угаалгын газар) нэртэй маш том инсталляци эзлэхээр болжээ. Уг инсталляци нь дүрвэгсдийн Европ руу зугтах үедээ өмсөж байсан хувцаснуудаас бүрдсэн гэдгээрээ онцлог болж байгаа юм. Ай Вэйвэй үзэсгэлэнд нийт 2046 ширхэг хувцас, гутал болон бусад эдлэлүүдийг ашигласан бөгөөд тэрбээр эдгээр зүйлсийг Грекийн Идомени тосгон дахь дүрвэгсдийн хуарангаас цуглуулсан байна. Мөн үзэсгэлэнд хувцаснаас гадна хохирогчдын зургууд дэлгэгдэх болно.

Түүнчлэн Ай Вэйвэй шинэ үзэсгэлэнгийн хүрээнд "Idomeni" гэх богино хэмжээний кино (2016) толилуулахаар болжээ. Тус кинонд дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэхээс өмнө тэд ямар нөхцөлд амьдарч байсан тухай харуулдаг байна. Эргэн сануулахад уран бүтээлч өмнө нь өөрийн "Human Flow" (Хүний урсгал) гэх 2017 онд гарсан баримтат кинондоо Идомени дахь дүрвэгсдийн хуаранг тусгаж байсан удаатай. 

Эцэст нь Ай Вэйвэй үзэсгэлэнд дээр, дээрээсээ давхардсан зургаан ширхэг шаазан ваарнаас бүтсэн инсталляцийг олон нийтэд дэлгэхээр болжээ. Энэхүү инсталляци нь дайн, балгас, зугтах, далай гатлах, дүрвэгсдийн хуаран ба эсэргүүцэл гэсэн дүрвэгсдийн амьдралын зургаан үе шатыг бэлгэдэж байгаа юм.

"Хэрцгий бодит байдлыг хараад бид болж буй үйл явдлыг эргэцүүлэх учиртай. Ихэнх хүмүүс бодит байдлыг үл ойшоож, юу ч болоогүй мэт аашилдаг. Энэ нь буруу. Дэлхийн 263 сая хүүхэд сургуулиа хаяхад хүрч байхад биднийг ямар ирээдүй хүлээж байгаа нь ойлгомжтой" гэж Ай Вэйвэй үзэсгэлэнгийнхээ талаар ярилаа.

Дэлхий нийтэд тулгамдаж байгаа энэхүү ноцтой асуудлыг хөндсөн уг үзэсгэлэн Катар улсын Доха хотод 2018 оны гуравдугаар сарын 15-аас зургаадугаар сарын 1 хүртэл Fire Station барилга дахь Garage Gallery-д дэлгэгдэх болно.

Buro.Mongolia

2018-03-12, 15:00

  • Зураг: