Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Шинэ улиралд нээгдэх дэлхийн онцлох үзэсгэлэнгүүд
Улаанбаатар хотын бүх үзэсгэлэнгүүдийг үзэж дуусгасан хүмүүст зориулаад бид энэ намар дэлхий даяар нээлтээ хийх хамгийн сонирхолтой музей болон үзэсгэлэнгүүдийг дэлгэж байна.
"Items: Is Fashion Modern?"
Хэзээ: Аравдугаар сарын 1 - Нэгдүгээр сарын 28
Хаана: MoMA, Нью-Йорк
Нью-Йорк дахь орчин үеийн урлагийн музей (MoMA) Макс Эрнст, Луиза Буржуа нартай хамтарч өнгөрсөн, одоо ба ирээдүй цагийн загварыг харуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнд Chanel-ийн жижиг хар даашинз, Levi's 501 жийнс, хар, цагаан өнгийн судалтай цамц, цагаан футболка зэрэг загварын ертөнцөд хувьсгал хийсэн эд зүйлсийг дэлгэх болно. Эдгээр хувцаснуудыг Энэтхэг улсын сари, сувдан зүүлт, Еврэй киппа (малгай) зэрэг эрт дээр үеэс орон, орны бэлгэ тэмдэг болсон эд зүйлстэй хамт танилцуулах юм.
"Delirious: Art at the Limits of Reason"
Хэзээ: Есдүгээр сарын 13 - Нэгдүгээр сарын 14
Хаана: Метрополитен музей, Нью-Йорк
Дайны дараах урлаг салбартаа цоо шинэ арга барилыг нэвтрүүлсэн байдаг. Энэ намар Метрополитен музейд 1950-1980-аад оны "галзуу" он жилүүдийг болон энэ үеийн урлагийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдэхээр болжээ. Энэхүү үзэсгэлэн "Толгой эргэх", "Илүүдэл", "Дэмийрэл", "Ээдрээтэй" гээд нийт дөрвөн хэсэгт хуваагдсан байгаа. Энэ удаад үзэсгэлэнд нийт 60 гаруй уран бүтээлчид оролцох болно. Тэдний дунд поп-арт, минимализм урсгалын гол төлөөлөгчид болох Клас Ольденбург, Бруйс Науман, Сол Левит, Яёи Кусама нар хамрагдаж, өөрсдийн уран бүтээлээ дэлгэнэ.
"Picasso/Lautrec"
Хэзээ: Аравдугаар сарын 17 - Нэгдүгээр сарын 21
Хаана: Тиссен-Борнемиса музей, Мадрид
Хэдийгээр Пабло Пикассо, Анри Тулуз-Лотрек нар хоорондоо хэзээ ч уулзаж байгаагүй боловч Тиссен-Борнемиса музей тэдний уран бүтээлийг нэг концепцийн хүрээнд нэгтгэжээ. Тэд бол XIX зууны уран зургийн түүхэнд байсан хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг бөгөөд цоо шинэ үзэл санааг гаргаж ирсэн гавьяатай. Мөн тэдэнд ижил төстэй зүйл олон бий. Тиссен-Борнемисагийн музейд дэлгэгдэж байгаа энэхүү шинэ үзэсгэлэнгээс тэдний энгийн ард иргэдэд ойр байсан тухай мөн хотын амьдралыг (кафе, театр, кабаре) уран бүтээлдээ харуулах хүсэл, маш тодорхой харагдах эротик утга санаа зэрэг нь дөнгөж үүсч хөгжиж буй модернизмын эрин үед хэрхэн хувиран өөрчлөгдөж байгааг харж болно.
"Francois I and Dutch Art"
Хэзээ: Аравдугаар сарын 18 - Нэгдүгээр сарын 15
Хаана: Лувр, Парис
Луврын музейн энэ жилийн хамгийн гол үзэсгэлэн үзэгчдийг Францын сэргэн мандалтын үед аваачих болно. Энэхүү шинэ үзэсгэлэн Луарын хөндийд олон цайз сүндэрлүүлж, Коллеж де Франс сургуулийг үүсгэн байгуулсан I Франциск хаанд зориулагдан гарч байгаа юм. Мөн тус үзэсгэлэнд түүний Нидерланд улсын урлагтай хэрхэн холбогдож байсан тухай ч дэлгэрэнгүй харуулна. I Франциск хааны үед Францын хааны ордон зөвхөн Италийн нөлөөнд автаад зогсохгүй маш олон улсын шинж чанартай болж эхэлсэн юм. I Франциск хаан Фонтенбло ордонг бариулахын тулд Россо, Приматиччо нарыг урьж, Леонардо да Винчитэй нөхөрлөж , олон нийтэд танигдаагүй Нидерланд уран бүтээлчдээр уран зураг зуруулдаг байв.
"Chagall: Fantasies for the Stage"
Хэзээ: Долоодугаар сарын 31- Нэгдүгээр сарын 7
Хаана: LACMA, Лос-Анжелес
Энэхүү үзэсгэлэн нь еврей гаралтай Орос, Францын уран бүтээлч Марк Захарович Шагаллыг мэндэлсний 130 жилийн ойд зориулагдан гарч байгаа юм. Тэрээр уран зураг, график мөн театрын зургаар дагнан уран бүтээлээ туурвидаг байсан юм. Уг үзэсгэлэнд дуу ба хөгжим нь Шагаллын уран бүтээлд ямар чухал үүргийг гүйцэтгэж байсан тухай онцлон харуулах болно. Түүнчлэн Шагалл театрын жүжгээс өөрийн уран бүтээлээ туурвих урам зоригоо авдаг байсан юм. Тиймээс LACMA музейд түүний театрт зориулан урлаж байсан костюмуудыг дэлгэхээр болжээ.
"Trigger: Gender As a Tool and a Weapon"
Хэзээ: Есдүгээр сарын 27 - Нэгдүгээр сарын 21
Хаана: New Museum, Нью-Йорк
Нью-Йорк хотын New Museum музей орчин үеийн урлагийн салбарт яг одоо өрнөж буй цаг үеийн асуудлыг хөнддөг гэдгээрээ алдартай. Тус музей энэ намар "Trigger: Gender As a Tool and a Weapon" гэх хүйс болон бэлгийн чиг хандлагын сэдэвтэй үзэсгэлэнгээ дэлгэж байна. Үзэсгэлэнд 1960-1980-аад оны үед төрсөн уран бүтээлчид оролцож байгаа ба тэдний дунд нэг ч алдартай нэр байхгүй гэдгээрээ онцлог болжээ.
"Degas, Danse, Dessin. A Tribute to Degas with Paul Valéry"
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 28 - Хоёрдугаар сарын 25
Хаана: Орсей музей, Парис
Францын алдарт уран зураач Эдгар Дегаг таалал төгссөний 100 жилийн ойд зориулж Парисын Орсей музей тус уран бүтээлчид зориулсан үзэсгэлэн гаргаж байгаа аж. Үүнээс гадна энэхүү үзэсгэлэн нь Эдгар Дега болон яруу найрагч Поль Валери нарын 20 жилийн нөхөрлөлийг онцолж байгаа юм. Үзэсгэлэнд Валеригийн яруу найраг, шүлэг, тэмдэглэлийн дэвтэр мөн Дегагийн уран зургууд болон уран баримлууд дэлгэгдэх болно. Тиймээс өнгөрсөн зууны Парисын амьдралын хэв маягийг сонирхдог хүмүүст тус үзэсгэлэн гарцаагүй таалагдана.
"Nefertari and the Valley of the Queens. From the Museo Egizio, Turin"
Хэзээ: Зургаадугаар сарын 16 - Нэгдүгээр сарын 10
Хаана: Эрмитаж, Санкт-Петербург
Саяхан Эрмитажд Ансельм Киферийн үзэсгэлэн өндөрлөсөн юм. Гэхдээ Эрмитаж музей эртний Египетийн урлагт зориулсан үзмэрүүдийг олон нийтэд дэлгэсэн хэвээр байна. Энэхүү үзэсгэлэнг Турины музейн цуглуулгаас (Дэлхийд байгаа эртний Египетийн гол цуглуулгуудын нэг) дэлгэн танилцуулж буйгаараа онцлогтой. Үзмэрүүд дунд "Хатдын хөндий"-н хөшөө баримлууд, бунхан мөн Нефертари хатны алдарт булш багтсан байгаа. Түүнчлэн энэхүү үзэсгэлэнг Наполеоны төлөөлөгч Бернардино Дроветтигийн олсон олдворууд болон урлагийн бүтээл цуглуулагч Эрнесто Скиапареллигийн хувийн цуглуулгаас бүрдүүлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт