Контемпорари урлагийн тухай: Э.Жанцанхорол ба түүний бүтээлүүд

Оньсого тайлав

Урлагийн боловсрол гэж юу вэ гэх асуултанд хамгийн сүүлийн үеийн хариулт сонирхолтой байх болов уу. Тэр тусмаа дөнгөж одоо бүтээгдэж буй урлагийн түүхийн гэрч илүү сайн хариулт хэлнэ. Бид ийм зорилгоор урлагийн гэр бүлд төрж, Нью-Йоркод суралцсан залуу уран бүтээлч Э.Жанцанхоролтой уулзаж, түүний бүтээлүүдийн талаар ярилцлаа

Энэ ярилцлагыг би "Алтан бийр" үзэсгэлэнгийн үеэр харсан "Хоосон хүн" нэртэй, хөөсөн материалтай баримлаас сэдэвлэн хийхээр болсон юм. Урчуудын эвлэлийн хорооны танхимд үе, үе маш сонирхолтой бүтээлүүд гарч ирдэг ба энэ удаад уран бүтээлч Э.Жанцанхорол орчин үе ба хүний мөн чанарыг илтгэсэн нэгэн өвөрмөц баримал дэлгэсэн байв. Э.Жанцанхорол Нью-Йоркод урлагийн чиглэлээр сургууль дүүргэж ирээд удаагүй ба одоо Дүрслэх урлагийн дээд сургуульд багшилж байгаа юм. Тэрээр анхны "Холимог дархлаа" нэртэй үзэсгэлэнгээ өнгөрсөн арванхоёрдугаар сард дэлгэсэн ба бид энэ удаа тэдгээр бүтээлүүдэд төвлөрөн ярилцсан.

Хоосон хүн

Э.Жанцанхоролтой уулзахаар Туулын эрэг дэх нар тоссон том цонхтой урланд нь дөнгөж ороход л шууд зураач Н.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг нарын танил уран зургууд угтан авлаа. Тийм ээ, Э.Жанцанхорол бол Монголын хамгийн сонирхолтой уран бүтээлчдийн хүү юм. Өмнө нь би зураач Ж.Мөнхцэцэгийн урланг Сэлбийн хөвөөнд байхад нь хоёр удаа очиж байсан ба энэ удаа тэдний урлан маш том, бас олон баялаг бүтээлтэй болжээ. Урлангийн гол хэсэгт Э.Жанцанхоролын бүтээл гэдэг нь харваас илт чоно толгойтой баримал зэрэг этгээд дүр төрхтэй ажлууд харагдана. 

Энд чиний Холимог дархлаа үзэсгэлэнд дэлгэсэн бүх бүтээл байгаа бололтой. Хамгийн сүүлд нэмэгдсэн ямар бүтээл байгаа вэ?

Хамгийн сүүлд Монгол-Францын төвөөс зохиосон уралдаанд өгсөн нэг бүтээл байгаа. Тэр уралдааны нөхцөл нь үгнээс өдөөгдөж санаагаа гаргах байсан. Энэ өгөгдөл нь миний арга барилтай адилхан байсан л даа. 

Уралдаанд Франц гаралтай 10 үгнээс сэдэвлэж  бүтээл хийх байсан. Чи ямар үг сонгосон бэ?

Тэр үгнүүд дотор "Өтгөн кофе" гэдэг ч юм уу сонин үг их харагдсан.  Тэгсэн манайхан шууд юм ууж байгаа хүний зураг гэх мэт өмнө нь хийсэн бүтээлээ өгсөн байсан. Би болохоор Швейцариас гаралтай "Vigousse" буюу "Тэсвэр хатуужилтай" гэдэг үгийг сонгосон. 

Vigousse

Тэгэхээр энэ бүтээлээс "Хүн юу ч сонсохгүй байж чадах, бас ямар ч зүйлийг сонсож чадна" гэсэн санаа надад хамгийн түрүүнд төрлөө. Энэ бүтээлээ хэрхэн хийсэн бэ?

Ерөнхийдөө өнгөцхөн харах юм бол тийм. Би ер нь бүтээл хийх материалаа их задалж боддог юм. Эхлээд бодлоо цэгцлээд, дараа нь бага зэрэг эрэл хайгуул хийдэг. Энэ барималд орсон чих бол дүрслэх урлагийн сургуульд ашиглагддаг зүйл л дээ. Гаднаасаа нэг тийм сонгодог урлагийн хэлбэртэй. Тэгээд дотогш нь сонирхоод харвал нүдэнд үзэгдэх бодит дүрс биш өөр, төсөөллийн маягтай зүйл болно. Миний сонирхдог нэг санаа бол хүний нүдэнд харагдах болон харагдахгүй зүйлсийг нэгтгэж тоглох юм. Энэ санааг дуран авиагаар алсыг харах, эсвэл микроскопоор томруулж харах дүрсүүд дээр ч авч үзэж болно. 

Та өөрөө Нью-Йоркод сурсан. Харин энэ тэмцээний шагнал нь Парист нэг сарын хугацаанд урлантай болох байсан. Өөрт чинь хэр сонирхолтой байсан бэ?

Орчин үеийн уран бүтээлчид үргэлж л энд, тэнд аялаж явдаг. Энэ нь уран бүтээлч хүний хувьд хөгжихөөс гадна бас амьдралын туршлага нэмж, хэлж өгүүлэх сэдэвтэй болох гээд их хэрэгтэй л дээ. Ялангуяа залуу уран бүтээлч хүмүүст. Би бас олон тийм хөтөлбөрт хандсан, одоо хариу хүлээгээд байж байгаа.

Залуу уран бүтээлчид урлагийн чиглэлээр гадагшаа сурахдаа "Америк уу, Европ уу?" гэж их эргэлздэг. Европ илүү сонгодог сургалттай гэдэг бол Америк харин контемпорари чиглэлээрээ сайн гэж хүмүүс ойлгодог. Таны хувьд ямар байсан бэ?

Америкт Монгол эсвэл Ази маягийн сургалттай харьцуулбал илүү сэтгэлгээг задлах тал дээр сургалт нь тулгуурладаг. Оюутны авьяасыг хөгжүүлэхдээ нэг зүйлийг удаан нухуулж, дадал суулгах биш харин чөлөөтэй сэтгэж, бодож байгаагаа өөрийнхөөрөө илэрхийлж сурахад нь тусладаг. Би одоо ДУДС-д хоёрдугаар дамжааны оюутнуудад багшилдаг. Тэдэндээ бас л тиймэрхүү уур амьсгал оруулж ирэх гээд үзэж байгаа. 

Багш байх ямар байна?

Дажгүй шүү. Ер нь уран бүтээлчид нэмэлт орлоготой байх үүднээс давхар ажилладаг. Гадныханд ийм жишээ их. Нөгөө талаасаа Монголд  шинэ хандлага аягүй дутагдалтай байгаа.  

Монголд ирсний дараа чи уран бүтээлч нүдээр эргэн тойрноо харахад юу харагдаж байна вэ? Энд ер нь амьдрахад гоё байна уу, муухай байна уу?

Яах вэ, зарим нэг талаасаа аягүй явцгүй ч юм шиг. Гэхдээ мэдээж төрж өссөн газар минь шүү дээ. Дээр нь дөнгөж шинээр хуримтлуулсан туршлага маань зарим нэг зүйлсийг бүр илүү, сонирхолтой өнцгөөс нь харахад хүргэж байгаа.

Тэрнээсээ хуваалцаж болох уу?

Илүү энгийн зүйлсийг мэдэрдэг ч гэх юм уу. Би жишээ нь Нарантуул захаар явж, сонин үзэгдлүүдийг ажигладаг. Энэ нь заавал зураг зурах ч юм уу, ямар нэг  зорилготой биш л дээ. Надад инээдтэй зарлалын самбарууд, хүмүүсийн ярианы хэв маяг, биеэ авч яваа байдал гээд нийгмийн тогтолцооны нэг хэсэг их гоё санагддаг.

Миний бодлоор хүн өөрийгөө таньж мэдэхэд амьдралаа зориулдаг шүү дээ. урлаг тэр чиглэл рүү хүнийг хандуулдаг

Би сая аавтай нь ярилцаж байсан зүйлээ чамаас бас асуухаар төлөвлөсөн байсан юм. Ер нь урлаг зорилготой юу? Дээрээс нь орчин үеийн урлаг зорилготой юу? 

Мэдээж. Миний түрүүн хэлсэн шиг уран бүтээлч хүний зүгээс амьдралын туршлага хуримтлуулах зорилго бий. Мөн ямар нэг санаа хэлэх нь урлагт хамгийн чухал гэж боддог. Урлагийг харилцааны хэрэгсэл гэж Л.Н.Толстой хэлсэн байдаг бол одоо орчин үеийн урлаг илүү утга санааны концепц болж хөгжсөн. Зарим уран бүтээлчид бүр биет юм ч хийхээ больчихсон. Өөр, өөр хүмүүсийг нэг мэдрэмж авах түвшинд авчирч, юмыг хүн өмнө нь нэг л янзаар хардаг байсныг нь өөр, шинэ өнцгөөс дахин бодоход хүргэх жишээний зүйлс зохион байгуулдаг. Тийм барьцгүй хэрнээ хүмүүсийн оюун санаанд нөлөөлж чадах сонирхолтой зүйлс бүтээхээс эхлээд зорилго зөндөө.

Тэгвэл чиний бүтээлд ямар зорилгууд тусгагдаж байгаа вэ?

Үзэсгэлэн маань "Холимог дархлаа" гэдэг нэртэй. Ингээд харахад одоогийн нийгэмд маш олон холимог зүйлсээс бүтэж байна. Хайбрид мотортой машинууд, эрэгтэй эмэгтэй хүйсийн ялгаагүй байдал, америкууд испанижиж байна гэдэг ч юм уу. Миний цаг үед байгаа эдгээр зүйлсийг өөртөө асуулт болгон тавьснаар бүтээлүүд маань гарсан. Энэ бүхний гол зангилаа нь бараг хоосон чанар, Буддизмын үзэлд их дөхнө. Би уран бүтээлийн эрэл хайгуулаар одоо олж авсанаар бол эцсийн дүндээ дэлхийн бүх зүйл, тэр дундаа хүмүүс бид бүгд хувьсан өөрчлөгдөнө. Гэхдээ энэ эрэл, хайгуул заавал тодорхой үр дүн, хариултад заавал хүрэх албагүй л дээ. Харин ингэж юмыг ухаж, түүнийгээ урлаг болгон хөрвүүлэх явц нь өөрөө их чухал юм. 

Тэнцүүлэгч, "Холимог дархлаа" үзэсгэлэн 2015

Би өөрийг чинь уран бүтээлч гэр бүлд өссөн болохоор хоосон чанар ярьж байгааг ойлгож байна. Бас нөгөө талаар, яагаад зүгээр "Нэг удаа л амьдрана" гэсэн хандлагаар амьдралаа хөгжилтэй зүйлсэд зориулж болохгүй гэж? Залуус сайхан амьдрал гэж тодорхойлсон өнгөлөг мөрөөдөл олон байгаа. Харин өөрөө яагаад заавал хоосон чанар гэдгийг илүү чухалчилж байгаа юм бэ?

Би үйл явдлын мөн чанарыг илүү харж байна гэх юм уу даа. Хичнээн ганган эд зүйлс зүүлээ гээд хүн, хүн хэвээрээ л байна шүү дээ. Хэдийгээр бид өнөөдөр өндөр түвшинд хөгжсөн ч гэсэн аль эрт цагт бичигдсэн зохиолууд хуучирдаггүй, хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон асуудлууд байдаг шүү дээ. Хайр дурлал, атаа жөтөө, хүний зан араншингаас төрөн гардаг түүхүүд гээд л. Надад тийм зүйлсийг уншихад гоё сонирхолтой байдаг. Тийм болохоор би илүү мөн чанар руу нь өнгийж хардаг.

Чамд ер нь хайрыг илэрхийлсэн бүтээл байгаа юу?

Байхгүй байхаа даа. Харин "Энэрэл, Нигүүсэл" гэсэн өнгө аяс байж магадгүй л юм.

Одоо хийсэн бүтээлүүдэд чинь ер нь ямар, ямар төрлийн сэдвүүд байгаа вэ?

Түр зуурын гэсэн санаа байна. Үүнийг би материалаараа илэрхийлдэг. Өнөө "Алтан бийр" үзэсгэлэнд байгаа "Хоосон хүн" баримлыг түр зуурын хөөсөн материалаар хийсэн. Хийсвэр санааг нь дэвэргээд бодвол "Эдийн засаг хөөсөрлөө" гэдэг ч юм уу бүх юм барьцгүй, хэзээ ч хагарч магадгүй юм шиг харагдаж болно. Тэгсэн хэрнээ бүх зүйл орчиндоо дассан, өөрийн гэсэн дархлаатай, үржин тэлэх үйл явцтай байдаг. Тэгмэгц хөөс гэдэг материал энэ утга, санааг илүү төгөлдөр болгож байгаа. Хөөсөөр хүмүүс цонх, хаалгаа дулаалдаг. Яах гэж хүн амьдрах орчноо тухтай болгож байна вэ гэвэл хүмүүс өсч, үржих зорилгын төлөө үүнийг хийж байгаа. Гэтэл хүн зөвхөн үржих гэж хоол унд идэж, ая тухтай газар бүтээж амьдардаг бол энэ нь өт хорхойтой адил түвшний зүйл болчихож байгаа байхгүй юу. 

Тэгвэл эвэр чиний ямар санааг илэрхийлэхэд зохимжтой байна вэ?

Эвэр бол амьтны зүгээс биеэ хамгаалах хэрэгсэл. Харин дархлаа гэдэг санаа бас л нэг төрлийн эсэргүүцэл, хамгаалалт шүү дээ. Эвэр бага, багаар ургадаг шиг дархлаа ч мөн аажмаар бий болж тогтдог. Тэр талаасаа илүү сонирхолтой. Нөгөө талаар үхэр эвэрнээсээ даардаг амьтан гэдэг. Их сонин. Хөдөө үхрийн эврэнд бээлий углачихсан байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө үхрийн эвэр бат бөх, хүч чадал, эрх мэдлийг бэлгэддэг. Эвэр ийм асуудлыг авч үзэх хоёрдмол талтай байгаа нь сонирхолтой. 

Дархлаа, "Холимог дархлаа" үзэсгэлэн 2015

Чи ер нь анх хэзээ өөрийгөө уран бүтээлч болох юм байна гэж бодож байсан бэ? 

Бүр багаасаа л.

Хамгийн анхны дурсамжуудаа санадаг уу?

Минийхээр бол би өвөөгийнхөө хөдөө гэрт, өвөр дээр нь суугаад тооноор орж ирэх гэрэлд тамхины утаа нь хөшиглөж байсан мөч гэж санагддаг. Уул нь бол өвөө маань намайг их багад өнгөрсөн болохоор гэрийнхэн "Чи тийм зүйл санахааргүй жоохон байсан" гэж ярьдаг. Бас нэг сонирхолтой нь би ийм дүр зураг Харуки Муракамигийн 1Q84 зохиолоос уншиж байсан. 

Чи өөр ямар номонд дуртай вэ?

Х.Л.Борхес бол миний нэлээн дуртай зохиолч. Борхесын богино өгүүллэгүүд их алдартай, бас хүчтэй.  Би ер нь богино өгүүллэгүүдэд их дуртай. Нэг тийм бие даасан уран бүтээл шиг санагддаг. 

Ялангуяа Борхесынх шиг шидэт сюрреалист зохиол байвал хүмүүст их төсөөлөх боломж олгодог шүү дээ. 

Яг түүн шиг, дүрслэх урлаг ч гэсэн жоохон ойлгох гэж хичээх юм бол илүү уриалгахан зүйл шүү дээ. Орчин үеийн урлагийг ойлгоё гэвэл жаахан оролдож, унших гэж үзэхэд л болох зүйл. Өгөгдөл нь бэлэн байдаг. Заримдаа юу өгөгдсөнийг нь зураач хэлээгүй, чимээгүй орхисон байж болно. Заримыг нь бага зэрэг тулгасан ч байж болно. Тухайн уран бүтээлчийн онцлогоос шалтгаална.

Урлагийн боловсрол ер нь хэр чухал зүйл вэ? Ер нь жирийн хүмүүс заавал үүнийг сурч, мэдэх хэрэгтэй юу?

Мэдээж хэрэгтэй л гэж хэлнэ л дээ. Ер нь бол дэлхий даяар жил бүр урлагийн сургуулийг зуу, зуун мянган хүн төгсөж байгаа шүү дээ. Янз бүрийн нийтлэлээс харахад одоо цаг бол хамгийн их урлагийн сургуультай болсон үе гэдэг.  Гэвч тэр бүх урлагийн сургууль төгссөн хүмүүс уран бүтээлч болдоггүй. Бүр мэргэжлийн ангид суралцсан хүмүүс хүртэл өөр төрлийн ажил хийх нь олон боловч хамгийн гол нь хүмүүс тодорхой хэмжээгээр өөр лүүгээ харж чаддаг. Тийм зүйл бодох оролдлоготой болдог. Миний бодлоор хүн өөрийгөө таньж мэдэхэд амьдралаа зориулдаг шүү дээ. Тэгэхээр урлаг тэр чиглэл рүү нь хүнийг хандуулдаг.

Хүмүүс хүсэх юм бол урлагийн боловсролыг авч болох маш олон арга байгаа. Уран бүтээлч биш хүмүүс ч номноос, галерейгаас ойлголт авч болно. Харин та хүмүүст урлагтай ойртох арга хэлээч гэвэл юу санал болгох вэ?

Өөртөө нэг тийм сэдэл төрүүлэх хэрэгтэй байх. Юманд сониуч байх ч юм уу. Бидний эргэн тойронд төрөл бүрийн зүйлс өрнөж байдаг. Заавал урлагийн биш, зүгээр л энгийн үйл явдлуудыг анзаарах ч юм уу. Нэгэнт өөрийгөө нээлттэй хандлагатай болгочихвол урлагийн бүтээлийг ч гэсэн өөрийнхөө санагдаж байгаагаар ойлгож, өөртэйгээ ярьж сурч болно байх. 

Чиний хувьд амжилтгүй бүтээл гэж юуг тодорхойлох вэ?

Зарим нэг үзэл бодлын талаасаа явцгүй ч юм уу, эсвэл санаа нь байдаг түгээмэл зүйл байх, эсвэл илэрхийлэх биет талаасаа дутуу ч юм уу олон л зүйлээс шалтгаалах байх л даа. Гэхдээ нэг зүйл хэлэхэд уран бүтээлч нарыг хооронд нь харьцуулах утгагүй ч юм шиг. Угаасаа тэд өөрийгөө таньж мэдэх гэж яваад л, өөрийнхөө хардаг өнцгөөс л аливааг илэрхийлсэн байгаа. Тэгвэл тухайн хүний бүтээлээс өөрийгөө хэр илэрхийлж чадаж байна вэ гэдгийг нь харж, өөрийнх нь бүтээлтэй харьцуулж болно. Харин хүнийхтэй жиших бол утгагүй. Яагаад гэвэл сэдэв нь өөр, арга барил нь ондоо, бүр бүгд илүү хувь хүний шинж чанартай байдаг. 

 

Ж.Чинбат

2016-06-29, 18:00