Киног болзоонд ашиглах арван зөвлөгөө

Хамт кино үзэх үү?

Х.Батсүх

Бид өмнө нь ихэвчлэн Оскар, ер нь л кино ертөнцтэй холбоотой сэдвүүдээр уулзаж байсан. Тэгвэл энэ удаад гол сэдвээсээ хөндийрөхгүй ч арай хөгжилтэй сэдвээр бичихийг хүслээ

Кино болон болзоо гэдэг энэ хоёр үг яагаад ч юм байнга холбогдчих гээд байдаг. Эмэгтэй хүнээс "Хамт кино үзэх үү" гэж асуух нь өөрөө асар олон санаа агуулдаг шидтэй асуулт юм. Нөгөө бүсгүйгээсээ ч өөрийнхөө тухай төсөөллийг олоод мэдчихэж болдог ер нь л их гоё асуулт. Яах вэ, цаадах чинь үнэхээр кино үзмээр байгаад хэн нэгнээр даалгамаар санагдаж байснаас бусад тохиолдолд чамтай хамт 2-3 цаг өнгөрөөхөд асуудалгүй л гэсэн үг. Намайг ид болзоонд явж эхлэх үед Улаанбаатар хотод дэлхийн стандартад нийцсэн кино театр нээгдэж, гудам талбайд чулуу өшиглөж алхахаас илүү дотно боломжуудыг нээсэн бөгөөд кино болзооны тухай чамгүй туршлагатай болсон билээ. Ингээд энэхүү туршлага дээрээ үндэслэн дараах хэдэн зөвлөгөөг бэлдлээ.

1. Кино театрт хэзээ ч битгий сохор болзоо хий!

Сошиал медиа хөгжсөн өнөө үед уулзах охиныхоо царайг мэдэхгүйгээр очих магадлал төдийлөн бага. Гэхдээ чи үнэхээр сохор болзоо юм уу, хэн нэгнээр зуучлуулан хүнтэй уулзах гэж байгаа бол кино театр хамгийн муу сонголт юм. Яагаад вэ? Чи ямар ч л байсан болзоонд урьсан хүнтэйгээ 2-3 цаг хамт өнгөрөөх ёстой. Нэгэнт үзвэрт урьсан учраас шууд бултаж болдоггүйгээрээ кино театр тун тааруу сонголт. Яах вэ, ширэн нүүрлээд "Гэнэтийн ажил" гаргаж болох ч гоёж гоодоод ирсэн эмэгтэй хүнд эвгүй зан гаргах нь тун бүдүүлэг үйлдэл.

2. Анхны болзоонд кино театр бас муу сонголт!

Яагаад вэ? Хариулт нь тун энгийн. Анхны болзоонд бие биенийгээ таньж, мэдэх нь илүү чухал. Тухайн хүний юу хийдгээс илүүтэй, хэн болохыг мэдэх нь анхны болзооны гол сэдэв учраас кино театрт болзох нь тийм ч зохимжгүй. Хамт байх хугацаанд өөр зүйлд төвлөрөх шаардлагатай.

3. Үргэлж цагаасаа өмнө ир!

Ер нь бол бүх төрлийн болзооны алтан дүрэм энэ л дээ. Замын түгжрэл зэрэг асуудлаар шалтаглаж болох ч өөрийгөө тэнэг байдалд оруулж байснаас уулзах цагаасаа бага зэрэг түрүүлээд ирэх нь киноны сонголт, сайн суудал гээд олон давуу талтай. Тэгээд ч энэ бол жинхэнэ жентлемен зан. Харин болзоо чинь хоцорч байгаа бол тайван хүлээ. Удаан хоцорч байсан ч хүлээх хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс үс гэзгээ янзалж, нүүрээ будаж, хувцсаа сонгохоос эхлээд чамгүй олон ажил байгаа. Эцсийн эцэст тэр чамд л сайхан харагдах гэж хичээж байгаа шүү. Болзож эхэлж байх үед бүсгүйгээ шүүмжлэх нь бас л бүдүүлэг зан.

4. Киноны сонголт!

Анх уулзаж байх үед ихэвчлэн бүсгүйнхээ сонголтыг хүндлэх хэрэгтэй. Өөрийн санааг дэвшүүлж болох ч шийдвэрийг өөрөө гаргах гэж зүтгээд байх шаардлагагүй. Улаанбаатар хотын дэлгэцүүдээр гарч байгаа кинонуудын сонголт цөөхөн ч гэсэн сонголтоо буруу хийх нь бүх зүйлийг баллаж мэднэ. Романтик, инээдмийн кино ихэнхдээ давгүй сонголт байдаг ч анхны болзооны үеэр жоохон эвгүй сэтгэгдэл үлдээдэг учраас сайн бодолцох хэрэгтэй. Бие биетэйгээ нэлээд хэд уулзчихсан, харилцаа давгүй байгаа үед аймшгийн кино хамгийн сайн сонголт. Кино аймшигтай байх тусмаа бие биедээ хүрэлцэх боломж гарч, эвгүй сэтгэгдэл болон ичингүйрлийг гэтэлгэх давуу талтай.

5. Байнга бохьтой яв!

Кино театр бол түргэн хоолны газар биш. Гэхдээ ихэнх тохиолдолд хийжүүлсэн ундаа, попкорн, зарим тохиолдолд сендвич, хотдог иддэг. Шүдний завсар орсон попкорнтой гараараа ноцолдож, хоолны дараах амны эвгүй үнэрээс болж олигтой ярьж чадахгүй бол тэнэг шүү дээ.

6. Голын суудал хамгийн гоё нь биш!

Гэр бүл болсон болон удаан хугацааг хамтдаа өнгөрүүлсэн хосууд бол өөр хэрэг. Дөнгөж танилцсан бүсгүйтэйгээ кинонд явж байгаа бол та хоёрын гол зорилго кино үзэх биш хамтдаа байх юм. Болзоо амжилттай үргэлжилж, үнсэлцлээ гэж бодоход танхим дүүрэн хүмүүсийн голд байснаас захад байсан нь илүү тухтай гэдгийг сана.

7. Өглөөний үзвэрүүд давуу талтай!

Театрын эхний үзвэрүүд 9, 10 цагаас эхэлдэг. Ихэнх кино театрын эхний үзвэрүүд хүн цөөтэй, хаагдах дөхөж буй кинотой, бараг үзэгчгүй шахуу байдаг учраас илүү романтик орчин бүрдүүлж өгдөг. Хов хоосон кино театрт хоёулхнаа гээд бодоод үздээ. Болзооны хамгийн гол нь сэтгэгдэл юм.

8. Гарнаас барих бол хүчин биш!

Ичимхий залуус үүнийг үргэлж санах хэрэгтэй. Чи зүгээр л түүний гарыг барих гэж байгаа. Өөр юуг ч биш. Бүсгүйн хувьд чамтай кинонд хамт ирчихээд нэг их татгалзаад байхаар зүйл биш. Яах вэ, хүчээр чирээд орсон бол өөр л дөө. Энэ тухай удаан бодож сандрах нь чиний алгыг хөлөргөнө. Хөлөрсөн алгаа хий дэмий өмдөндөө арчсанаас шууд л атгасан нь хамаагүй дээр.

9. Олон удаа хамт кинонд явах нь буруу!

Кино театр тун сайхан орчин нь мэдээж. Гэхдээ байнга кинонд явах нь тэнэг. Кино театрыг болзоонд ашиглах гол давуу тал нь залуу хосуудын бие биедээ хүрэлцэх, ичингүйрлийн үеийг давахад зориулсан юм. Энэ үеэ давсан бол кино театр төдийлэн зөв сонголт биш юм. Чи цаад охиноо "найрч" байгаа болохоос биш та хоёрын уулзалтууд кино сонирхогч клубын нөхдийн уулзалт биш.

10. Гар утсаа байнга унтраах ёстой!

Үзвэрийн үеэр гар утсаа оролдох нь хамт ирсэн хүнээ үл хүндэтгэснээс гадна, танхимд байгаа бусад үзэгчдэд ч төвөгтэй учраас үргэлж утсаа унтрааж дууг нь хааж байгаарай! Энэ нь соёлтой зан юм. Болзоо бүсгүйд сэтгэгдэл төрүүлэх ёстой учраас чи өөрийгөө соёлтой залуу гэдгээ байнга санах ёстой.

За ингээд бүгдэнд нь амжилт хүсэе дашрамд дурдахад энэ нийтлэлийг голдуу ичимхий залуустаа зориулан бичлээ. Дараа эргэн уулзацгаая!

 

Х.Батсүх

2016-03-05, 12:00