"Audrey"
Загварын бэлгэ тэмдэг болсон кино од, домогт жүжигчин Одри Хепберний талаарх баримтат кино тун удахгүй дэлгэцнээ гарах нь. Загвар зохион бүтээгч Александр Маккуины тухай баримтат киног чадварлагаар найруулж байсан Ник Тауссиг, Аннабель Вигодер нар тус киног бүтээсэн байна. Кинонд Хепбернийг хэрхэн Холливүүдийн од төдийгүй цаг үеийнхээ хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болсон түүх, Юбер Де Живанши тэр хоёрын нөхөрлөл болон хэрхэн загварын бэлгэ тэмдэг болж байсан тухай зэрэг түүний туулсан амьдралын сонирхолтой түүхүүдийг хүүрнэжээ.
Мөн түүний өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй дэлгэцийн ардах хувийн амьдралыг ойр дотны хүмүүсээс нь авсан ярилцлагын тусламжтай кинонд үзүүлснээр илүү онцлог болсон юм. Тухайлбал түүний хүү Шон Хепберн Феррер, ач охин Эмма Феррер нар уг төсөлд нэгдсэнээс гадна Givenchy брэндийн бүтээлч захирал асан Клэр Уэйт Келлер, Tiffany & Co брэндийн загвар хариуцсан захирлаар ажиллаж байсан Жон Лоринг зэрэг хүмүүс баримтат киног бүтээлцэхэд оролцжээ.
Киноны бүжгийн хэсгүүдийг Английн алдартай бүжиг дэглээч Вэйн Макгрегороор дэглүүлсэн байна. Одри балетад их хайртай байсан учир сэтгэл хөдөлгөм бүжгийн дүрсүүд оруулах нь их чухал байсан гэж кино найруулагч Хелена Кон киноны зураг авалтын талаар дурслаа.
Одригийн дүрийг гурван өөр жүжигчин бүтээсэн бөгөөд жүжигчин Кира Мур түүний залуу үеийн дүрд тогложээ. Балетын бүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй залуу Одри аав ээжийнхээ салалтаас болж хэрхэн шаналж буй болон дайны хүнд үе түүнд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан юм. Харин Английн 'Royal Ballet'-ийн хамгийн өндөр зэрэглэлийн балетын бүжигчин болох Франческа Хэйуорд түүний Холливүүдэд гялалзаж явсан, мөн Оскарын шагнал хүртэж байсан 24 настай үеийг бүтээсэн бол домогт балетын бүжигчин Алессандра Ферри нь Одригийн амьдралын сүүлийн жилүүд болох ихэнх цагаа сайн үйлсийн аянд зориулж байсан үеийн дүрд тоглосон байна.
Уг баримтат кино энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд онлайнаар болон DVD хэлбэрээр гарч эхлэх юм байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт