Автобусны жолооч, шалны алчуур зохион бүтээгч ба тэтгэвэрт гарсан ахмад настан хэрхэн таны ажилдаа хандах хандлагыг өөрчлөх вэ?
Хэрэв Google-ээс "Хэрхэн үр бүтээлтэй ажиллах вэ?" гэж хайвал хайлтын систем танд шууд л таван сая хариулт санал болгоно. Мөн Buzzfeed илүү хурдан хөдлөхийг зөвлөж, CNBC тэмдэглэлийн дэвтэр ба төлөвлөгөөний жагсаалт хөтлөхийн гайхамшгийг дурдана. Харин New York Times сонин жижиг алдаан дээрээ төвлөрөхгүй байхыг зөвлөж, "Та чинь хүн шүү дээ. Танд ч гэсэн онцгүй өдрүүд тохиолдоно" хэмээн сэтгэл санаагаар дэмжинэ. Түүнчлэн Forbes сэтгүүл энэ асуултанд хариулахаар үр бүтээлтэй ажилладаг хүмүүсийн зуршлуудыг дурдсан дэлгэрэнгүй жагсаалт гаргасан байдаг.
Харин Бюро 24/7 энэ асуудлаар танд бага ч болов уу туслах үүднээс гол дүрийн баатар нь өөрийн зорилгодоо хүрэхээр, нэгэн хэвийн уйтгартай ажлыг өөртөө таатай байдлаар "тоглоом" болгон хувиргадаг кино ба цувралуудыг сонгон танилцуулахаар шийдлээ.
The Marvelous Mrs. Maisel
Хэрхэн үр бүтээлтэй ажиллаж болохыг киноны гол баатар болох Нью-Йоркийн Upper East Side-д амьдардаг Мириам гэх гэрийн эзэгтэй цувралын анхны ангиас эхлэн харуулах болно. Тэрээр шөнө болмогц нөхрийнхөө stand-up comedy тоглолтонд зориулж хошин текстүүд бичиж, харин өглөө нь авьяасгүй нөхөртөө тайзан дээр гарах боломж олгохын тулд клубын ажилтнуудад зориулан хоол хийнэ. Мириам өглөө бүрийг баяр баяслаар дүүрэн угтаж, ердөө нэг минутын дотор л төгс нүүр будалт хийх болно. Энэхүү цуврал нь нэг цагийн дотор бэлэн болох хангалтгүй хэмээн гомдоллох дуртай хүмүүст гарцаагүй таалагдана.
Түүнчлэн Мириам хотын худалдааны төвд косметик бүтээгдэхүүн зарж, оройдоо тайзан дээр өөрийнхөө амьдралын талаар хошигнодог байгаа (заримдаа бүр цагдаад баривчлагдах хэрэг гарна). Бүсгүй цагдаагийн газар хоносныхоо дараа даашинзаа янзалж, уруулын будаг зарах ажилдаа үргэлжлүүлэн гарна.
Дашрамд дурдахад "The Marvelous Mrs.Maisel" цувралын 10 ангиас бүрдсэн хоёрдугаар улирал 2018 оны сүүлээр Amazon тавцан дээр нээлтээ хийнэ.
Suits
Хуульч Харви Спектр ба түүний хамтрагч Майк Росс нарын адал явдал үзэгчдийг дэлгэцнээс салгаж чадахгүй гэдэгт бид үнэхээр итгэлтэй байна. Харви өглөөний таван цагт босч, Төв цэнгэлдэх хүрээлэнд гүйж, үүний дараа хослолоо өмсөн долоон цагийн үед цагирган боов худалдаж авахаар компанийнхаа барилгын гадаа зогсож байх болно. Харин Майк хуулийн фирмд орж ирсэн хэрэг бүр дээр маш идэвхтэй, сэтгэл гарган ажиллаж, заримдаа бүр оффис дээрээ бүтэн шөнийг өнгөрөөсөн байхаа үл анзаарна.
Мэдээж хэрэг шилэн барилга дотор суух хуульчдын тухай цувралыг жүжигчин Меган Маркл хунтайж Харритай сүй тавьснаар бүр ч их алдартай болгосон гэж хэлж болно. Гэхдээ жүжигчин бүсгүй хааны гэр бүлийн гишүүн болсноор цувралыг бүр мөсөн орхиж байгаа бөгөөд түүний тоглосон сүүлчийн ангиудыг (цувралын долоодугаар улирлын хоёрдугаар хэсэг) USA Network суваг гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 25 хүртэл гаргах болно. Гэхдээ бид Suits цувралыг бүр эхний улирлаас нь эхлэн үзэхийг зөвлөж байна.
Paterson
Патерсон нэртэй залуу Патерсон гэх хотод өдөр бүр нэг маршрутын дагуу автобус жолоодож, өдрийн хоолоо жижиг цүнхэнд хийж, мөн бульдог үйлдрийн нохойгоо чимээгүйхэн салхилуулдаг. Сонирхолтой биш гэж үү? Үнэн хэрэгтээ найрууулагч Жим Жармушийн бүтээсэн энэхүү баатар нь маш гүн гүнзгий утгыг өөртөө агуулдаг. Тэрээр өдөр тутмын нэгэн хэвийн уйтгартай ажлуудыг яг л бясалгал мэт хүлээн авч, зорчигчдын яриаг сонсож, нарны туяа ба танил гудамжуудыг харах үедээ баярлаж, өдрийн цайны цагаараа шүлэг зохиодог.
Патерсоны хамгийн чухал зан чанар нь гэртээ ирмэгц ажлаа мартаж, зөвхөн эхнэртээ цагийг зориулдагт байгаа юм. Киноны төгсгөлд Патерсон японы алдарт яруу найрагчтай танилцдаг ч тэрээр түүнийг амжилтанд хүрэхийн тулд ашиглах гэж завддаггүй. Учир нь Патерсон өөрийнхөө амьдралд үнэхээр их хайртай. Тэрээр яг л шинэ кино үзэх гэж байгаа мэт автобус жолооддог юм.
The Intern
Тэтгэвэртээ гарсан сэтгэл татам ахмад настан (Роберт Де Ниро) болон Saint Laurent-ийн хүрэм өмссөн бизнес эрхлэгч бүсгүйн (Энн Хэтэуэй) нөхөрлөлийг харуулдаг Нэнси Мейерсийн бүтээсэн инээдмийн кино. "The Intern" кинонд аажуу, бодлоготой ажиллах нь дээр үү, эсвэл хурдан, орчин үеийн хэв маягийг дагах нь зөв сонголт болох уу гэдгийг маш тодоор үзүүлдэг.
Гэхдээ мэдээж хэрэг энэхүү хоёр баатрын аль алинаас нь суралцах зүйлс олон бий. Жишээ нь Жулс (Энн Хэтэуэй) фитнесээр хичээллэж цаг үрэхгүйн тулд оффис дотроо дугуй унан явдаг бол Де Нирогийн дүр цаг харах шалтгаар утсаа оролдохгүйн тулд үргэлж биедээ сэрүүлэг авч явдаг.
Мөн Жулс өөрийн хийж буй зүйлдээ үнэхээр хайртай гэдэг нь үзэгчдийн анхаарлыг татах болно. Тухайлбал залуу бүсгүй агуулахад байгаа илгээмжүүдийг дуртайяа баглаж, ууртай хэрэглэгчдийн дуудлагад хариулж, автомашиндаа хооллож, ахмад настай дадлагын ажилтанд Facebook хуудсанд бүртгүүлэхийг зааж өгдөг. Харин Роберт Де Нирогийн дүр болох 70 настай Билл үр бүтээлтэй байх өөр арга барилуудыг бидэнд харуулах болно. Тэрбээр өглөө өмсөх хувцсаа унтахаасаа өмнө бэлдэж, бүх хүнээс түрүүлж ажилдаа ирэн, хамт ажилдаг хүмүүсийнхээ сэтгэл санааны байдалд анхаарал тавьж, харин амралтын өдрөө хятад маягийн гимнастик хийж өнгөрүүлнэ.
Joy
Женнифер Лоуренс өөрийгөө алдарт мушгидаг шалны алчуур зохион бүтээсэн бүсгүйн дүрээр зүгээр ч нэг Оскарын шагналд нэр дэвшээгүй юм. Тэрээр асар их сэтгэлийн тэнхээ, өөрийн санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх зоригтой (эрчүүдтэй зодолдсон ч хамаагүй) бүсгүйн дүрийг бүтээсэн билээ. Дэвид О.Расселын найруулсан энэхүү кино нь бидэнд ямар ч нөхцөлд үр бүтээлтэй ажиллах боломжтой гэдгийг харуулна. Жишээ нь таниас дотны хүмүүс тань урваж, шууд утгаараа гэрийн тань шал нурж унасан байсан ч хамаагүй хичээж ажилласан тохиолдолд бүх зүйл бүтнэ гэдгийг бидэнд энэ кино сануулах болно.
Хамгийн гайхалтай нь Жой гэх бүсгүйн түүх бодит амьдралаас сэдэвлэсэн нь бүр ч их урам зориг өгч байгаа юм. Өдгөө 62 настай Жой Мангано жижиг яармаг худалдаанаас эхлээд өөрийн Ingenious Design нэртэй компанийг үүсгэн байгуулах хүртэл маш бэрх замыг туулсан түүхтэй. АНУ-д Жой Мангано нь "self-made" буюу өөрийн хүчээр бүх зүйлд хүрсэн эмэгтэйн тод жишээ болдог байна. Түүний бүтээсэн хамба хилэн материалтай өлгүүр ба алдарт шалны алчуур нь одоо хүртэл HSN сувгаар зарагддаг. Мөн Жой заримдаа нэвтрүүлгийг өөрөө хөтөлдөг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт