Мэдлэг хуримтлуулцгаая!
Хавар болж байгаатай холбогдуулан өөртөө салхи оруулж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхийг хүсч буй хүмүүст зориулж бид 2015 оноос хойш гарсан хамгийн сонирхолтой баримтат кинонуудын тухай мэдээлэл бэлтгэлээ
Орчин үед баримтат кино ямар ч сонирхолтой телевизийн цуврал, Холливүүдын бүрэн хэмжээний киноноос дутахааргүй болсон. Хамгийн гол нь тэнд өгүүлэгдэж буй зүйлс баримт, судалгаатай байдгаараа хүмүүст цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж олгодог юм. Тэгэхээр гэр бүлээрээ үзэх кино сонгох, хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх төлөвлөгөө гаргахдаа, эсвэл хотын түгжрэлд явж байхдаа эдгээр киноноос сонгож үзээрэй. Та нэг сэдвээр дагнасан багц мэдээллийг богино хугацаанд авч, өнгө дүрслэлийн гайхамшигийг мэдрэх болно.
Эмми-д нэр дэвшсэн Netflix-ийн шилдэг бүтээлүүдийн нэг болох Chef's Table баримтат киноны гуравдугаар улирал таны хоолны тухай бодлыг өөрчлөх болно. Бүр "Заавал үзэх хэрэгтэй бүтээлийн нэг" гэж Entertainment Weekly сэтгүүл онцолсон байдаг. Та энэ цувралаас Перу, Орос, Герман, АНУ-ын Нью-Йорк, Калифорни болон Өмнөд Солонгосын шилдэг тогооч нарын ширээн дээр хоол хэрхэн урлаг болдгийг үзээрэй.
Abstract: The Art of Design - Season 1
Дизайн урлагийн ертөнцөд тавтай морил. Энэ 2017 оны нэгдүгээр сард анх трейлер нь гарсан "Abstract: The Art of Design" баримтат киноны эхний улирлыг найруулагч Морган Невиль, Брайан Оакес нар Netflix-тэй хамтран бүтээсэн байна. Нэн орчин үед хүмүүс амьдралыг илүү сонирхолтой, шинэлэг болгохын тулд дизайн гэдэг зүйлийг ямар өнцгөөс харж, бүтээж байгааг энэ цувралаас үзэх боломжтой. Тус баримтат киноны эхний улиралд график дизайнер Паула Шер, чимэглэлийн зураач Кристоф Ньеман, гэрэл зурагчин Платон, Nike брэндийн дизайнер Тинкер Хэтфелд, автомашины дизайнер Ральф Гиллес, архитектор Бьярке Инжелс, интерьер дизайнер Илсе Крауфорд, тайзны дизайнер Эс Дэвлин нарын бүтээлүүд, бодол санаа гарах болно.
David Bowie: The Last Five Years
Хэрэв та жинхэнэ хөгжимд дуртай хүн бол Дэвид Боуигийн шүтэн бишрэгч байж таарна. Тиймээс түүний сүүлийн таван жилийн амьдрал хэрхэн өнгөрсөн нь сонирхолтой байх болов уу. Эсвэл Дэвид Боуигийн талаар та тийм ч сайн мэдэхгүй ба хүмүүс яагаад түүнийг нас барснаас хойш санан дурсаж, Грэмми дээр хүндэтгэл үзүүлж, олон зуун удаа сэтгүүлийн нүүр хуудсанд гаргасанд гайхдаг бол энэхүү киног үзэж болох юм. Найруулагч Фрэнсис Вателей болон BBC телевизийн 2017 оны шинэхэн бүтээл амьдрал, үхлийн үнэ цэнийг өгүүлэх болно.
Roman Empire: Reign of Blood - Season 1
Баримтат болон утга уянгын төрлийг нэг дор сайн хослуулж чадсан бүтээлийг Netflix өнгөрсөн 2016 онд гаргасан юм. Ромын эзэнт гүрний түүх хийгээд МЭ II зууны үеийн амьдралыг энэ киноноос бид харах болно. Кинонд Ромын эзэнт гүрэн доройтохын эхлэлийг тавьсан Коммодус, түүний эцэг болох алдарт эзэн хаан, Стойк урсгалын философичдын гол төлөөлөгчдийн нэг Марк Аврелий нарын тухай өгүүлдэг.
Дэлхийн 50 сая хүнийг эзэнт гүрнийхээ хил хязгаар дотор багтаасан эдгээр хүмүүсийн амьдрал, үйл хэрэг нь түүх, улс төр сонирхогч хэн бүхний анхаарлыг татсан бүтээл болсон юм. Коммодус хаан 192 онд Амфитеатрт гладиаторуудтай тулалдаж байгаад алагдсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэгвэл яг энэ эгзэгтэй цаг мөчөөс киноны нэгдүгээр улирал эхэлнэ.
I Am Bolt
Дэлхийн хамгийн хурдан хүний тухай урд өмнө нь харуулж байгаагүй өнцгөөс үзүүлсэн бүтээлийг Universal Studios бүтээжээ. Найруулагч Бенжамин Турнер, Габе Турнер нар Усэйн Болтыг Ямайк улсаас анх гарч ирсэн цагаас эхлэн 2016 оны Риогийн Олимпийн наадам хүртэлх амьдралынх нь ололт амжилт, хүсэл тэмүүллийг энэ баримтат кинонд харуулжээ. "Мөнхөд хурдан" байхын тулд Усэйн Болт хэрхэн тэмцэж, зүтгэдгийг энэхүү киноноос үзээрэй.
Planet Earth 2
BBC телевиз анх 2006 онд дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй гол асуудал болох цаг уурын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс болж манай гараг ямар асуудал үүсээд байгааг сануулах, бид ямар сайхан газар амьдардгийг харуулах зорилготой Planet Earth бүтээлээ толилуулсан. Тэгвэл тэд арван жилийн дараа Planet Earth 2 баримтат киног бүтээсэн юм.
Дахин давтагдашгүй, гайхалтай мөчүүдээр дүүрэн энэхүү кинонд Дэлхий хэмээх цэнхэр гарагийг чимж, амьд байлгадаг байгалийн олон төрөл зүйлийн амьтдын ертөнцийг дэргэдээс нь харуулж, "Хайрлахгүй байхын аргагүй" гэх сэтгэгдэл төрүүлэх болно.
Ancient Alliens - Season 11
Түүх, шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн энэхүү баримтат киноны 11 дэх улиралд маш сонирхолтой сэдэв хөндөгдөнө. Дэлхий нийт өнгөрсөн 2016 оны сүүлч үеэс эхлэн "Антрактидаас Пирамид олдсон уу" гэсэн сэдвээр шуугиж эхэлсэн билээ. History кабелийн телевизийн бүтээл, "Ancient Alliens" цувралд өгүүлж буйгаар бол Өмнөд Туйлын мөсөн дор аварга том хуучны соёл иргэншлийн үлдэгдэл байгаа аж.
Хамгийн гайхалтай нь Өмнөд Туйлыг 1850-аад онд нээхээс өмнө нь буюу 1500-аад онд зурагдсан, Өмнөд Туйлыг мөсөн хучлагагүй байснаар дүрсэлж, уулс, гол зэрэг байгалийн тогтоцыг нь тэмдэглэсэн газрын зураг байдгийг энэхүү кино дэлгэсэн байна.
Харь гарагийн зочид дэлхийд ирж, дэлхийн өнцөг булан бүрт Пирамид байгуулсан гэх таамаглал, тэдний зорилго, хийж үлдээсэн ул мөрийн тухай сонирхолтой санааг энэ киноноос үзээрэй.
The Fist Monday In May
Жил бүрийн тавдугаар сард Нью-Йоркийн Метрополитан музей "Met Gala" хэмээх томоохон арга хэмжээ зохиодог билээ. Загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй үйл явдлуудын нэг болох Met Gala арга хэмжээ жил бүр ямар нэгэн сэдэв онцолдог. Өнгөрсөн жил "Загвар ба технологи" сэдвийн дагуу өрнөсөн Met Gala үдэшлэг 2015 онд Хятадын соёл хэрхэн барууны загварын ертөнцийг урамшуулж байсныг дэлгэн харуулсан юм. Энэ үеэр кино бүтээгч Эндрю Росси "The First Monday In May" нэртэй баримтат кино хийжээ.
Удахгүй 2017 оны тавдугаар сард энэ жилийн Met Gala үдэшлэг японы алдарт уран бүтээлч Рэи Кавакубод хүндэтгэл үзүүлсэн сэдэвтэй болно. Түүнээс өмнө нь Met Gala-гийн үеэр загварын ертөнцийн мэргэжилтнүүд хэрхэн ажилладгийг, улаан хивсний зочид ямар гайхамшигтай үдэш бий болгодгийг энэ киноноос үзээрэй.
Crazy about Tiffanys
Эмэгтэй хүн, очир эрдэнэ хоёрыг адилтгах маш олон шалтгаан байдгаас үзэсгэлэнтэй, үнэ цэнэтэй, үргэлж хайр татам гэдэг гурван шинжийг хэлэхэд л хангалттай болов уу. Тэгвэл 1852 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй үнэт эдлэлийн Tiffany & Co. брэнд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, хамгийн үнэтэй гоёл чимэглэл хоёрыг нэгтгэсэн түүх бүтээсэн байдаг.
Оскарын наадмын улаан хивсний ёслолоос эхлээд дэлхийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүд дээр одууд Tiffany & Co. брэндийн үнэт эдлэлээр гоёхыг хүсч, эрчүүд хайртай бүсгүйдээ Tiffany бэлэглэж, мөрөөдлийг нь биелүүлдэг уламжлал ХХ зуунд тогтож, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Харин тэрхүү үнэ цэнэтэй, алдартай үнэт эдлэл хэрхэн бий болж, хэн бүтээдгийг энэ киноноос та үзээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт