Aлдарт “Akira” анимэ зохиолоос сэдэвлэсэн кино хийгдэнэ

Леонардо Ди Каприо продюсероор ажиллана

Пост-апокалиптик, киберпанк төрлийн алдарт "Akira" анимэгээс сэдэвлэсэн уран зөгнөлт кино тун удахгүй дэлгэцнээ гарахаар боллоо. Тодруулбал Deadline сэтгүүл "Akira" уран сайхны киноны зураг авалт энэ онд Калифорни мужид эхлэхээр болсон тухай мэдээллэжээ. Японы хамгийн алдартай анимэгийн нэг болох "Akira" нь 1982 онд анх манга хэлбэрээр хэвлэгдэн гарч, 1988 онд бүрэн хэмжээний анимэ болон дэлгэцнээ гарч байсан 30 гаруй жилийн настай бүтээл юм. Warner Bros кино компани 2002 онд "Akira"-г ахин бүтээх эрхийг худалдан авсан ч төсөл олон шалтгааны улмаас хойшлогдоод байсан юм.

Түүнчлэн "Akira" киноны продюсероор жүжигчин Леонардо Ди Каприо болон түүний Appian Way Productions компани ажиллахаар болсон бол найруулагчаар "Thor: Ragnarok" киног найруулсан Тайка Вайтити сонгогдсон байна. Харин гол дүрийн жүжигчдийн тухай мэдээлэл тодорхой болоогүй байгаа ч Киану Ривз, Эндрю Гарфильд, Кристен Стюарт, Кира Найтли зэрэг алдартай жүжигчид сонгогдсон байх магадлалтайг Dazed Digital сэтгүүл мэдэгджээ.

"Akira" киноны үйл явдал телекинетик буюу оюун бодлоороо эд зүйлсийг хөдөлгөх чадвартай Тэцуо хэмээх хүүг засгийн газар зэвсэг болгон ашиглах гэж буйгаар өрнөнө. Мөн Тэцуогийн ах Канэда дүүгээ аюултай үйлдэл хийхийг зогсоохоор явахдаа олон хачирхалтай адал явдал, нууцлаг зүйлстэй учирч буйг өгүүлнэ. Сүүлийн үед “Ghost in the Shell”, “Alita: Battle Angel” зэрэг анимэгээс сэдэвлэсэн уран зөгнөлт кинонууд багагүй амжилт үзүүлж байгаатай холбогдуулан “Akira” ч мөн гайхалтай амжилтад хүрэх магадлалтайг шүүмжлэгчид онцлоод байгаа юм.

 

Buro.Mongolia

2019-04-08, 14:58

  • Зураг: