Галь Гадот, Пэтти Женкинс нар “Wonder Woman” киноны шинэ ангид хамтарч ажиллах уу?

2019 оны сүүлчээр нээлтээ хийнэ

Warner Bros. кино компани "Wonder Woman" киноны дараагийн ангийг бүтээхээр найруулагч Пэтти Женкинстэй өчигдөр гэрээ байгуулжээ. CNN вебсайтын мэдээллэж буйгаар "Wonder Woman" киноны шинэ ангийн зураг авалт удахгүй эхлэх гэж байгаа бөгөөд энэ удаад Пэтти Женкинс тус киноны найруулагчаар дахин ажиллахаар болсон байна. Харин Wonder Woman-ы дүрийг бүтээсэн жүжигчин Галь Гадот зураг авалтанд эргэн ирэхээ өнгөрсөн долоодугаар сард мэдэгдсэн байгаа.

Одоогийн байдлаар "Wonder Woman" киноны хоёрдугаар анги 2019 оны арванхоёрдугаар сарын 13-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байгаа юм. Мөн Пэтти Женкинс найруулагчаас гадна, кино зохиолыг давхар хариуцан ажиллаж байгаа гэж CNN вебсайт нэмж мэдэгдлээ.

Сонирхуулахад "Аватар" болон "Tитаник" киноны найруулагч Жеймс Камерон "Wonder Woman"-ы эхний ангийг "эмэгтэйчүүдийн хувьд нэг алхам ухарсан" бүтээл болсон гэж тайлбар өгч байсан юм. Тэгвэл тус киноны найруулагч Пэтти Женкинс "Жеймс Камерон Wonder Woman-ыг эсвэл энэ киноны үзэл санааг ойлгох чадваргүй байгаад гайхах зүйл алга. Тэр хэдийгээр сайн найруулагч боловч эмэгтэй хүн биш шүү дээ" гэж хариу өгчээ.

Buro.Mongolia

2017-09-13, 16:00

  • Зураг: