Каннын кино наадам хойшлогдож, Coachella хөгжмийн фестиваль дахин цуцлагдлаа

Цар тахлын улмаас дэлхийн томоохон фестивалиуд хойшлогдсоор байна

Дэлхийн хамгийн алдартай хөгжмийн наадмуудын нэг болох Coachella цар тахлын улмаас дахин цуцлагдлаа. Энэ талаар Калифорни мужийн Риверсайдын эрүүл мэндийн ажилтан Камерон Кайзер Twitter хуудсаараа мэдэгдсэн байна. 2020 оны Coachella хөгжмийн наадам дөрөвдүгээр сард зохион байгуулагдах байсан ч эхлээд аравдугаар сар хүртэл, дараа нь 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл нийт гурван удаа хойшлогдсон юм. Одоогоор фестивалийн шинэ тов зарлагдаагүй байна.

Мөн энэ үеэр дэлхийн кино урлагийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох Каннын кино наадам хойшлогдож байгаагаа зарлалаа. Тодруулбал 74 дэх удаагийн Каннын кино наадам 2021 оны тавдугаар сарын 11-22 хооронд зохиогдох байсан ч долоодугаар сарын 6-17 хооронд болон хойшлогдож байгааг зохион байгуулагчид мэдэгджээ. Эргэн сануулахад 2020 оны Каннын кино наадам мөн л цар тахлын улмаас олон удаа цуцлагдсаны эцэст өнгөрсөн аравдугаар сард тусгай форматаар явагдсан билээ.

Buro.Mongolia

2021-02-01, 10:19