Нислэгийн үеэр хэрхэн хооллох вэ?

Natural Diet төслийн үүсгэн байгуулагч зөвлөж байна

Аялал жуулчлалын улирал албан ёсоор эхэллээ! Аялалд гарах нь юутай ч зүйрлэшгүй ч олон цагийн нислэг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь хүний бие организмын хувьд маш том стресс болдог. Жишээ нь агаарын даралтын хэлбэлзэл, онгоцны хуурай агаар, удаан хугацааны суугаа байрлал, нислэгийн компанийн чанаргүй хоол гэх зэрэг маш олон шалтгаанаас үүдэн хүний ходоодны үйл ажиллагаа муудаж, биологийн хэмнэл алдагддаг.

Үүнийг даван туулахын тулд онгоцонд хэрхэн хооллох талаар болон цагийн зөрүүнээс үүссэн бие махбодын хэмнэл алдагдах үйл явц, уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн хөнгөн давж гарах тухай зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Нислэг болон цагийн зөрүүг хөнгөн давж туулах энгийн дүрмүүд

Хүний бие организм ердөө нэг цагийн зөрүүнд дасан зохицоход бүхэл бүтэн нэг өдөр шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл очих гэж буй газар тань гурван цагийн зөрүүтэй байвал та гурван өдрийг бие организмоо нөхөн сэргээхэд зориулах хэрэгтэй гэсэн үг юм.

Хэрэв цагийн зөрүү 3 цагаас их байгаа тохиолдолд эхний 2,3 хоногтоо зөвхөн эслэг ихтэй цагаан хоол (ногоо, жимс) идэхийг хичээгээрэй.

Өглөө сэрэхэд ядарч сульдсан мэдрэмж төрж байвал өөх тостой, хүнд өглөөний хоол идэхээс зайлсхийж, үүний оронд жимс болон ногооны шүүсийг сонгоорой. Учир нь нислэгийн дараа таны бие организм нөхөн сэргэхэд бүх хүчээ зориулдаг тул нэмэлт ачаалал өгөх шаардлагагүй юм.

Нислэгийн өмнө, нисэх үед болон дараа нь хэрхэн хооллох вэ?

1. Нислэгээс нэг хоногийн өмнө болон нисэх өдрөө улаан мах болон согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх нь зүйтэй.

2. Нислэгээс нэг хоногийн өмнө 1-ээс илүү аяга кофе уухгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин нислэгтэй өдөр кофеин агуулсан зүйл уухгүй байх хэрэгтэй.

3. Нисэх онгоцонд суухаасаа өмнө далайн гаралтай бүтээгдэхүүнтэй шинэ ногооны салат, загас, өөх тос багатай шувууны мах болон ургамлын гаралтай уураг агуулсан хоол идээрэй.

4. Нислэгийн үеэр аль болох хоол идэхгүй байхыг хичээгээрэй. Онгоцонд суухдаа самар, исгэлэн биш жимс зэрэг хөнгөн зууш авч явсан нь дээр байдаг.

5. Хэрэв удаан хугацааны нислэгтэй тохиолдолд ногоо, үр тариагаар баялаг хоол өөрөө бэлтгэн авч явж эсвэл тусгай хоол захиалж болно (ихэнх агаарын тээврийн компаниуд нэмэлт төлбөргүй захиалах боломж олгодог). Хэрэв өөрөө хоолоо бэлдэх ямар ч боломжгүй бол аль болох амьтны гаралтай уураг битгий идээрэй. Мөн онгоцонд хооллохдоо хоолоо сайтар зажлах хэрэгтэй. Учир нь агаарын даралт ба хий үүссэнээс болж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа удааширдаг тул хүний бие организмд илүү их шүлс, фермент шаардлагатай болдог.

6. Нисэхээс өмнө цагаан гаатай цай уухыг зөвлөж байна. Цагаан гаа нь бие организмын дархлааг сэргээхийн зэрэгцээ илүүдэл шингэн үүсэж, хавагнахаас сэргийлнэ. Мөн цагаан гаа нь онгоцонд дотор муухайрахаас сэргийлдэг байгалийн гаралтай "эм" юм. Гэхдээ бие давхар эсвэл сарын тэмдэг их хэмжээгээр ирж байгаа үед тус бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөдөггүй.

7. Онгоцонд суухдаа мөн л цагаан гаатай ус авч орохоо мартав аа (зүсэм цагаан гаа онгоцны бүхээгт авч орох тийм ч хэцүү биш).

8. Нислэгтэй өдөр болон дараагийн хоёр хоногийн турш хэвийн хэмжээнээсээ гадна нэмэлт 2 стакан ус уух хэрэгтэй.

Buro.Mongolia

2019-05-01, 17:34