Э.Халиун: DYRBERG/KERN брэндийг бид Япон улсад өвөрмөц байдлаар нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа

Урлаг, бизнесийн хослол

Монголд DYRBERG/KERN брэндийг дөрвөн жилийн өмнө оруулж ирсэн Э.Халиун одоо Японы зах зээл рүү нэвтрэхээр төлөвлөж байна. Тэрээр мөн удахгүй "Semi Nude Art Fashion Show" гэх сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар зэхжээ. Энэ бүхний тухай болон эмэгтэй хүний хүчирхэг, орчин үеийн байдал юунд оршдог тухай бид түүнтэй ярилцлаа

Үзэсгэлэнт Копенхаген хотод DYRBERG/KERN хэмээх үнэт эдлэлийн брэнд 1985 онд үүсгэн байгуулагдаж эмэгтэйчүүдэд нэн шинэ төрлийн гоёл чимэглэл санал болгож эхэлсэн билээ. Үнэт эдлэлийн дизайнер Гитте Дайрберг, Хэннинг Керн нар урлаг болон загварын чиг хандлагад гарч ирдэг шинэ трендүүдийг үнэт эдлэлд шингээж, өвөрмөц онцгой хэлбэр дүрстэй хэрнээ чамин, загварууд бий болгосон юм. Тэрхүү чөлөөт, бүтээлч загвартай үнэт эдлэлүүд нь эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэнг ил гаргаж, бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж чаддаг тул 31 жилийн баялаг цуглуулгатай болжээ.

DYRBERG/KERN-ий орчин үе, минимал байдал, үнэт чулуу болон ган, алт, мөнгө зэргийн маш донжтой зохицол нь өнөөдөр монгол бүсгүйчүүдийн дуртай сонголт болсон. Энэхүү сонголтыг Монголд 2012 онд  Э.Халиун нээсэн бөгөөд тэрээр одоо DYRBERG/KERN брэндийн Монгол болон Япон улсад худалдаалах франчайз эрхийг эзэмшиж байна.Түүнтэй бид хэрхэн зураач, дизайнераас Япон улсад европын орчин үеийн үнэт эдлэлийг борлуулах эрхийг авч чадсан тухай ярилцлаа.  

-

Хамгийн эхний асуултаараа би яагаад таныг Данийн DYRBERG/KERN брэндийг Монголд оруулж ирэх болсныг сонирхмоор байна л даа. Яагаад Франц, Итали, Америкийн биш Дани брэнд гэж?  Энэ бүхэн анх яаж эхэлсэн юм бэ? 

Би график дизайнер мэргэжил эзэмшсэнийхээ дараа өөрийгөө хөгжүүлж, дэлхийн хаана өвөрмөц, гоё зүйл сурч болох вэ гэж судлаад 2008 онд Дани улсыг зорьсон юм л даа. Өмнө нь Данийг дизайн, интерьер, зураачдаараа алдартай гэдгийг сонссон ч очоод л ганган хээнцэр зүйлгүй атлаа бүх л зүйлс нь цаанаа нэг донжтой, минимал хэв маягтайг нь үзэж мэдэрсэн. Даничууд ер нь л орчин үе, өнгөрсөн үе хоёрыг хослуулж, хаанаас нь харсан гоё зүйл бүтээдэг нь надад маш их таалагддаг. Тэнд би сурч байхдаа Олон улсын соёлын төвд уран зургийн үзэсгэлэн гаргаж, график дизайны ажлууд хийх зэргээр өөрийгөө нээх гэж олон төрлөөр оролдсон юм. Тэгэхдээ л урлантай болж зургаа зураад суухсан гэсэн хүсэлтэй байлаа. Харин нэг жилийн дараа би DYRBERG/KERN брэндийг олж мэдсэн юм. 

Үнэхээр өвөрмөц загвар хийцтэй. Цаг бугуйвч гээд бидэнд дасал биш хослол гаргачихсан, бүтээгдэхүүний өрөлт нь хүртэл сонирхолтой байсан нь үнэхээр нүдэнд туссан л даа. Гоё, сайхан эмэгтэйчүүд бөөгнөрч, яриа өрнүүлээд л. Тэгэхэд дотроо энэ хүмүүс шиг болох юмсан гэж бодсон. Тухайн үедээ мөнгөө цуглуулж байгаад нэг цаг авч байлаа. Олон шигтгээтэй, хүн харахад сүрдмээр гоё тэр цагийг зүүж чадна гэдэгтээ ч эргэлзэж байсан. Хэтэрхий ганган санагдаж байсан ч яг худалдаж аваад зүүхэд надад өмнөхөөсөө илүү хүчтэй ч болчихсон юм шиг сэтгэгдэл төрсөн. Энэ нь тухайн үед ямар нэгэн зүйлд зориглох хэрэгтэй гэдгийг надад ойлгуулсан. Хэнээс ч айхгүй, санаа зовохгүй байна гэдэг зоригийн асуудал. Нар тусахаар гялбаж ойгоод л. Тэгж л бүр их дурласан даа.

Дани орныг монголчууд "The Danish Girl" киноноос амьдрал нь маш их урлагтай, минимал бөгөөд өнгөний сонирхолтой шийдлээр ахуйгаа баяжуулж өгсөн гэдгийг олж харсан байх. Тэндээс таны олж авсан гол зүйлс юу вэ?

Өөрийгөө нээж олох, хүнд за гэж хэлсэн бол түүнийгээ биелүүлж, хариуцлагатай байх соёлыг сурч байгаа юм. Тэдний хувьд би магадгүй хөдөөний охин шиг байсан байж магадгүй. Ингэж бодвол хөдөөний охин хэрхэн хотжихыг сурсан ч гэж хэлж болно. Копенхаген хот бол мянган жилийн түүхтэй. Тэр соёлоос гоё, гоё зүйлийг сурна гэдэг маш сайхан байсан.

Та Дани улсаас DYRBERG/KERN брэндийг Монголд оруулж ирээд зогсохгүй цаашдаа Япон улсад худалдаалах албан ёсны эрхийг нь авсан байна. Тэгэхээр анх энэ брэндийн франчайз эрхийг авах итгэлийг та хэрхэн олж авсан бэ?

Тухайн үед тэд Монгол гэдэг орныг мэдэхгүй шахуу байхад би эмээлгүйгээр "DYRBERG/KERN брэндийг Монгол улсад нэвтрүүлж борлуулах франчайз эрхийг надад өгөхийг хүсье. Учир нь манай монголчууд үнэхээр ийм онцгой, шинэ содон зүйлд дуртай" гэж санал болгоход тэд намайг эхлээд ердөөсөө авч хэлэлцэхгүй байсан. Тиймээс би хоёр жилийн турш тэдэнд өөрийгөө юм хийж чаддаг гэдгээ батлаж, урлагийн мэдрэмжтэй хүн шүү гэдгээ харуулахын тулд уйгагүй зүтгэсэн. DYRBERG/KERN-ий бүтээгдэхүүн нэг бүр дизайнеруудын уран сэтгэмжээр бий болж, цаанаа тодорхой бэлгэдэлт утга илэрхийлдэг гэдгийг нь би мэдэрдэг гэдгээ батлахыг хүссэн. Тийм ч учраас Данид үзэсгэлэн гаргаж, DYRBERG/KERN-ий удирдлагуудыг урьж, график дизайны ажил хийсэн ч би ийм шинэ зүйл хийлээ гээд и-мэйл бичээд л байсан. Үнэндээ тэд Монголыг жижигхэн зах зээлтэй гэж үзэж байсан ч миний уйгагүй занг олж харсан байх. Тийм ч учраас тэр л нэг зорилгынхоо төлөө явна гэдгийг минь үнэлж Япон улсад нэвтрэх франчайз эрхийг надад өгсөн болов уу. 

Зөвхөн хүнтэй гэрлээгүй, ээж болоогүй залуу насанд л эмэгтэй хүн гоё байна гэсэн ойлголт байхгүй. Эмэгтэй хүн насан туршдаа сайхан байх эрхтэй

Тэгэхээр та DYRBERG/KERN-ий Ази хариуцсан салбарын захирал ч юм уу тиймэрхүү албан тушаалтай болох уу?

Одоохондоо би ийм нэртэй болно гэхээс ичиж байна. Хэрэв Японд хийх зүйлсээ биелүүлчихвэл дараа нь болох зүйл. Учир нь нэр гэдгийн ард хариуцлага байдаг учраас аливаа ажлыг хийснийхээ дараа хэлэх дуртай.

Японд яаж нэвтрэх төлөвлөгөөтэй байгаагаа цухасхан хэлж болох уу?

Япон улс бол өөрийнхөө соёлыг хадгалж өнөө цагт хөгжлөө дээд цэгт хүргэж чадсан, тэр бүр юмыг тоодоггүй, авч хэлэлцдэггүй, бүх зүйл нь бэлэн бөгөөд ханачихсан орон. Тиймээс бид онцгой байж гарах ёстой. Үүний тулд нэг жил гаруйн хугацаанд тэндэхийн зах зээлийг судалж, яагаад япон хүн хэрэглэх ёстой вэ гэсэн сэдлийг бий болгох талаар төлөвлөсөн. Мэдээж япончуудын нэгэн адил зарчимч, асуудалд ёс зүйтэй ханддаг тэр л байдлаар нь ажиллахыг хичээнэ. Хамгийн эхний ээлжинд онлайн байдлаар нэвтрэх бодолтой байгаа.

DYRBERG/KERN-ий үнэт эдлэлийг хүмүүс яагаад сонгодог вэ? Дани, Монгол, Япон хүмүүсийн сонирхлыг татах нийтлэг тэр шинж чанар нь юу юм бэ?

Манай брэндийн онцлог бол өөртөө итгэлтэй, орчин үеийн, хөдөлмөрч, дайчин охид бүсгүйчүүд, залуучуудад зориулагдсан цаг, үнэт эдлэл бүтээдэгт оршдог. Хэдийгээр Япон, Дани, Монгол гэж бид улс, үндэстнээрээ ялгардаг ч бүх хүн сайн сайхан, аз жаргалтай байх нэг л хүсэл тэмүүлэлтэй. Хүмүүс өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг ч олон хүн тийм байж чаддаггүй. Нэг бол өөрийн сэтгэл хангалуун байх боломжийг дарагдуулж, эсвэл олж нээгээгүй байдаг. Ялангуяа япончуудын хувьд. Орчин үеийн монголчууд өөрийгөө илүү задлаж, нээн хөгжүүлэх эрмэлзэлтэй, хүчтэй зоригтой байдлаа улам хөгжүүлэхийг хичээдэг. Харин япончуудын тодорхой хэсэг нь уламжлалт хэв маягаараа амьдардаг. Тиймээс би япон эмэгтэйчүүдийн тэр даруухан байдлыг нь эвдэх, өвөрмөц байдлаар оръё гэж бодож байна. 

Феминист сэдлийг нь өдөөж өгөх нь байна.

Японы кавай буюу хөөрхөн гэдэг ойлголтыг хөгжүүлж, өөртөө итгэлтэй, карьераа эрхэмлэдэг эмэгтэйчүүд илүү шинэлэг бөгөөд дур булаам гэдгийг ойлгуулахыг хүсч байгаа. Япон эмэгтэйчүүд гэрлэж, хүүхэд төрүүлснээр тэдний амьдралын үүрэг нь гэр бүлээ авч явах болж хувирдаг. Зарим хүмүүс үүндээ дуртай. Харин зарим нь ийм байхыг хүсдэггүй. Мэдээж бид гэр орон, үр хүүхэддээ хайр халамж тавих хэрэггүй гэж хэлээгүй. Амьдрал дээр тэр хүн айл гэрийн эзэгтэй хэвээр байгаа ч харин өөрийн хэв маяг, ертөнцийг үзэх үзлээ чөлөөтэй, шинэлэг байдлаар илэрхийлж, илүү өөртөө тааламжтай байдал бүрдүүлэх боломжтой шүү дээ. Зөвхөн хүнтэй гэрлээгүй, ээж болоогүй залуу насанд л эмэгтэй хүн гоё байна гэсэн ойлголт байхгүй. Эмэгтэй хүн насан туршдаа сайхан байх эрхтэй. Тиймээс бид хүний дотоод аз жаргалын индексийг нэмэгдүүлэх зорилго өмнөө тавьсан.

Алтан бөгж зүүгээд хүн аз жаргалтай байна уу, эсвэл үнэхээр өөрт таалагдсан гоё загвартай бөгж зүүснээр урамтай байна уу гэдэг хэрэглэгчийн мэдрэмж хамгийн чухал

DYRBERG/KERN 2012 онд Монгол улсад нээгдсэнээс хойш олон арга хэмжээ зохион байгуулж, маркетингийн сонирхолтой шийдэл, өвөрмөц сурталчилгаа хийсэн байна. Хүмүүс таныг богино хугацаанд монголчуудын огт мэддэггүй брэндийг таниулж чадсан гэж хэлдэг. Тэгэхээр таны ажлуудыг юу үр дүнтэй болгодог гэж та боддог вэ?

Миний хувьд хийсэн бүх зүйлс тухайн цаг үедээ үр дүнтэй байж чадсан гэж боддог. Тиймээс цаг үеэ мэдрэх хэрэгтэй. 2016 онд, яг одоо хүмүүс ямар зүйлд анхаарлаа хандуулж байгааг олж мэдэж, түүн дээр маркетингийн ажлуудаа уялдуулахыг зорьдог.

Монголчууд үнэт эдлэл хэрэглэх өнө эртний соёл, уламжлалтай. Тэгэхдээ сонголт нь ихэвчлэн үнэт металлд төвлөрдөг. Гэтэл DYRBERG/KERN үнэт чулууг гантай хослуулсан концепцитэй шүү дээ. Энэ уламжлалт биш сонголтыг монголчуудад таниулахад танд юу хамгийн дөхөм байсан бэ?

Худалдан авагчид маань "Алтан бөгж авах уу, маш гоё загвартай бөгж авах уу" гэдэг хоёр сонголтыг дэнсэлж үздэг. Арван жилийн өмнө хүмүүс үнэт эдлэл авахдаа өвлүүлнэ гэсэн хандлагаар сонгодог байсан бол өнөөдөр өөрийгөө үнэлэх үнэлэмж нь өөрчлөгдсөн. Мэдээж хүн бүр үр хүүхдийнхээ төлөө зүтгэж, эдийн дээдийг өвлүүлэх юмсан гэж зорьдог ч тухайн хүн өөрөө чөлөөт сонголт хийх, аз жаргалтай байдлаа мэдрэх хэрэгтэй.

DYRBERG/KERN яагаад алт, мөнгөнөөс илүү ганыг сонгож үнэт эдлэлээ бүтээдэг вэ гэвэл энэ нь брэндийн загвар дизайнтай холбоотой. Гангаар маш гоё загвар, нарийн деталь, өвөрмөц хийцийг хийх боломжтой юм. Хамгийн хатуу металл учраас химийн ямар нэгэн урвалд өртөх магадлал бага.  Мэдээж бидэнд алт, мөнгөн эдлэлийн цуглуулга байдаг ч тэр нь хорин хувийг эзэлдэг. Монголчууд эхлээд алт, мөнгөн загвар байна уу гэж асуудаг байсан ч одоо тэгж асуухаа больсон. 

Гучин жилийн түүхтэй DYRBERG/KERN-ы цуглуулгын сэдвүүд Умардын туяа, Гэгээнтнүүд ба нүгэлтнүүд, Урлаг цуглуулга, Теннис цуглуулга гэх зэргээр олон төрлийн сэдэвтэй гарч байж. Харин огт хувирч, өөрчлөгддөггүй уламжлал болон тогтсон зүйл нь юу вэ?

Манай гол онцлог бол байнга хувьсаж, шинэ өнгө төрхтэй, өвөрмөц байхыг эрхэмлэдэг. Өнгөрсөн жил "Урлаг" нэртэй цуглуулга гарахад уран барилга, уран баримал, поп арт зураг, симболист хээ угалз гээд өргөн цар хүрээг загвартаа шингээж өгсөн. Хүн маш уйдамхай, шинийг хайж явдаг учраас дизайн хүний хөгжлийг дагуулж, улам илүү гоё зүйлийг мэдрүүлж, таашаал төрүүлэхийг эрхэмлэдэг. Энэ бүхэн нь тодорхой хэмжээний түүх үлдээдэг.

Гоёл чимэглэлд орсон үнэт чулуунууд зурхайн ордтой холбогддог. Танай брэндийн хувьд тийм бэлгэдэлт чанар хэр их байдаг вэ?

Миний хувьд бол тийм зүйлийг чухалчилдаггүй, зөвхөн загварыг таашааж сонголтоо хийдэг. Гэвч эртнээсээ үнэт эдлэл эзнээ аливаа нэг сөрөг энерги, дайснаас хамгаалах зүйл байсан. DYRBERG/KERN-д тийм зурхайн ордуудад тохирсон чулуунууд байдгаас гадна одоо мөн бөгжний толгой нь солигддог шинэ концепц гарч ирж байгаа. Эмэгтэй хүмүүс хувьсамтгай, сэтгэл хөдлөл ихтэй шүү дээ. Тэгвэл манай шинэ загваруудын шигтгээ чулуу солигддог болсноор бүсгүйчүүд хүний анхаарлыг татах, эсвэл сэтгэл зүйн байдлаа илэрхийлэх боломжтой болсон.

Та бүхэн "Semi Nude Art Fashion Show" гэх арга хэмжээ удахгүй зохион байгуулах гэж байна. Шоуны нэр нь "хагас нүцгэн" гээд маш өдөөн хатгасан сонсогдож байгаа ч зорилго нь "Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөө" гэсэн уриатай байна. Тэгэхээр энэ арга хэмжээнд юу болох талаар та ярьж өгөөч.

Бид энэ шоугаараа гоёл чимэглэл яагаад хувцастай хослохгүй, дангаараа бүсгүй хүний гоо үзэсгэлэнтэй хослож болохгүй гэж гэсэн санаа дэвшүүлсэн. Миний хувьд эмэгтэйчүүдийн төлөө ямар нэг сайн зүйл хийхийг үргэлж дотроо бодож явдаг. Яагаад гэвэл эмэгтэй хүн байгалиас гоё сайхан байх зориулалттай шүү дээ. Хорвоогийн хатууг нь уярааж, зөөлнийг нь эмэгтэйчүүд хөгжүүлж байдаг. Гэтэл амьдрал дээр хүчирхийлэлд өртөж, сэтгэлдээ харанхуй хөшиг татсан эмэгтэй хүн маш олон. Хэрэв эмэгтэй хүн хүчирхийлэлд өртөхдөө хүрвэл битүү, олон хувцастай байгаад ч нэмэргүй. Тэгвэл яагаад гоё сайхан байдлаа нээн харуулаад хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүддээ итгэл өгч, тэднийгээ өмгөөлж хамгаалж буй дуу хоолойгоо хүргэж болохгүй гэж? Нэн ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд сэтгэлийн гүн дарамтанд орсон байдаг. Тэр дарамтыг үргээж, сэтгэлийг нь хэрхэн буцааж сэргээж болох вэ? Магадгүй хүмүүс хагас нүцгэн модель бүсгүйчүүдийг хараад "Хөөх ямар гоё юм бэ? Би ч гэсэн ийм сайхан шүү дээ" гэсэн өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж болно. Тиймээс өөртөө урамших хүчийг жижиг ч болов сэдлээр нэмэгдүүлэх нь энэ арга хэмжээний нэг хэсэг юм. Ингэснээр бид нийгмийн аль ч хэсэгт байж болох хүчирхийлэлд өртчихсөн эмэгтэйчүүдийн сэтгэлд оч асаах өдөөлт хүргэнэ гэдэгт итгэж байна. 

Тэгвэл брэндийн ямар бүтээгдэхүүнүүд энэ шоуны үеэр хүмүүст танилцуулагдах вэ? Өөр онцгой зүйл юу байгаа вэ?

DYRBERG/KERN брэндийн дизайнерууд 1995 оноос хойш цөөн тоогоор гарсан цуглуулгаас танилцуулна. Дани болон Японоос төлөөлөгчид ирж оролцох болно. Мөн би "Халиун" гээд өөрийн нэрийн зангиа, бээлий, бүсний цуглуулга гаргаснаа дэлгэнэ. Өмнө нь Дани, Шведэд уран зургийн үзэсгэлэн гаргаж байснаа одоо монголдоо дэлгэе гэж бодож байгаа. Хэдийгээр би тийм ч мундаг зурдаггүй ч гэлээ зураг надад бясалгал болж өгдөг. Бүх зүйлсийг мартан сатаарч, тархи маань амарч чаддаг юм. Ерөнхийдөө энгийн фэйшн шоунаас илүү өвөрмөц орон зайд зочдоо аваачих хүсэлтэй байгаа. 

 

Ж.Чинбат

2016-11-17, 09:00