Delpozo загварын ордны бүтээлч захирал Жосеп Фонт өмнө нь архитектор мэргэжилтэй байсан юм. Тэр шинэ улиралд архитектурын мэдлэгээ ашиглан, гайхалтай цуглуулга бүтээжээ
Жосеп Фонт намрын цуглуулгаа бүтээхдээ 1927 оны "Metropolis" гэх арт хаус кино болон итали зураач Дарья Петриллигийн уран бүтээлээс санаа авсан байна. Гэхдээ XX зууны эхэн үеийн бүх кино хар-цагаан өнгөтэй гарч байсан тул Delpozo-гийн цуглуулга дахь тод өнгөнүүд "Metropolis"-той ямар нэгэн холбоогүй л болов уу. Харин загварууд дээрх этгээд дүрс, хээнүүд цаанаа л нэг түгшүүртэй мэдрэмж төрүүлж байсан нь киноны хар, бараан өнгө аястай нийцэж байх шиг санагдлаа. Тод өнгөнүүдийн хувьд гэвэл энэ нь мэдээж хэрэг зураач Петриллигийн нөлөө юм. Жосеп Фонтын цуглуулгыг анх харахад зугаатай, өнгөлөг харагдаж болох ч түүний урам авсан эх сурвалжуудыг бодоод үзэхэд тэрхүү нууцлаг, гунигтай уур амьсгал бага, багаар мэдрэгдэж эхэлнэ.
Фонттой ижил хэв маягаар сэтгэж, адилхан цуглуулга бүтээдэг дизайнер энэ дэлхий дээр тун ховор. Бараг огт байхгүй ч гэж хэлж болох юм. Түүний том хэмжээс ба тод өнгийн сонирхол нь дизайнер Рози Ассулиныг санагдуулах үе байдаг ч, эдгээр уран бүтээлчдийг хооронд нь харьцуулах боломжгүй. Фонт загвартаа хэтрүүлэг, театрын элементүүд оруулах дуртай. Түүнчлэн тэр үргэлж маш тайван, цонхигор, хүүхэлдэй мэт сэтгэлийн хөдлөл багатай загвар өмсөгчдийг тайзнаа гаргадаг. Нэгэнтээ өөрийн гэсэн онцгой хэв маягаа олж чадсан энэхүү чадварлаг дизайнер дараагийн улирлуудад ямар цуглуулга бүтээх нь тун сонирхолтой байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт