Buro 24/7 тойм: Marc Jacobs, намар-өвөл 2016

Муу ёрын хатан хаан

Нью-Йоркийн загварын долоо хоногийн хаалтын шоу нижгэр болж өнгөрлөө. Марк Жейкобс загварын тайз дээр Леди Гагаг гаргаснаар шуугиан дэгдээж чадлаа

Леди Гага болон бусад урлагийн алдартнууд загвар өмсөгчийн дүрд хувирах тохиолдол үе, үехэн гардаг. Дуулиант дуучин бүсгүй урьд өмнө нь Versace-ийн нүүр царай байж, Том Фордтой хамтран ажиллаж байсан туршлагатай билээ. Харин тэр энэ удаад загварын тайзнаа алхаж үзсэн бөгөөд энэ нь Марк Жейкобсын ач юм. Өмнөх улиралд Америк дизайнерын шоуны гол дүрийн баатраар Бет Дитто тодорч байсан бол, энэ удаад бүгд Леди Гагагийн талаар шуугиж байна. Жейкобсын цуглуулга маш мэдрэмжтэй бас гоёмсог болсон хэдий ч, бүгд цуглуулга руу биш, харин Леди Гага руу анхаарлаа хандуулаад байгаа нь харамсалтай.

Леди Гага

Marc Jacobs-ын шинэ цуглуулгыг харах бүрдээ бид энэхүү брэндийг өөр ертөнцөд амьдардаг гэж төсөөлдөг. Орчин үед Жон Гальяно хүртэл театрын хэв маягаа хойш нь тавьж, илүү бодит загварууд бүтээж байхад Жейкобс өөрийн гэсэн өвөрмөц ертөнцдөө амьдарсан хэвээр л байна. Америк дизайнер загвар бүтээхдээ хэтрүүлэг ашиглаж, шоу зохион байгуулахдаа хүмүүсийг гайхшруулах дуртай нэгэн юм. Тэр орчин үеийн чиг хандлагыг огтхон ч баримтлалгүйгээр сахилгагүй, гранж хэв маягийн хувцас бүтээдэг нэгэн.

Намар-өвөл 2016 шинэ цуглуулгад панк, замбараагүй байдал готик гүнжийн төрхтэй нэгдсэн харагдана. Хеллоуинд зориулсан шулмын хослол, хатан хаан Викториягийн үеийн хөвсгөр зах, унжсан ханцуйтай, гялалзсан өнгөтэй том хэмжээстэй цамц гээд л олон сонирхолтой загварууд энд бий.

Ө.Тодгэрэл

2016-02-23, 10:00

  • Зураг: