Buro 24/7 тойм: Victoria Beckham, намар-өвөл 2016

Нарлаг

Victoria Beckham марк сурталчилгаа хийх ямар ч шаардлага байдаггүй. Үүсгэн байгуулагч нь дэлхийн хэмжээний алдартан тул тэрбээр өөрийнхөө бүтээлийг өөрөө өмсөж хамгийн шилдэг сурталчилгаа хийдэг. Сүүлийн хэдэн жилд Виктория Бекхэмийн хувийн стиль мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Үүнийг дагаад маркийн хэв маяг ч мөн өөрчлөгджээ

Цаг ухарна гэж үгүй. Тэр зөвхөн урагшилдаг шүү дээ. Тиймээс жил өнгөрөх тусам хүмүүс нас нэмж, тэдний гаднах төрх, үзэл бодол, хандлага өөрчлөгдөж, тэд илүү ухаалаг бас туршлагатай болдог. Хүмүүс өөрсдийгөө арай өөрөөр илэрхийлж эхэлдэг. Энэ нь хувцаслалтын хэв маягтай шууд холбоотой юм. Өндөр өсгийтэй туфли илүү эвтэйхэн, өдөр тутмын амьдралд хэрэгтэй гутлаар, харин үдэшлэгт зориулсан мини даашинз ба юбка нь илүү дэгжин хувцсаар солигддог. Үүнийг Виктория Бекхэмийн жишээн дээрээс харахад л хангалттай. Spice Girls хамтлагийн клип дээр гарах түүний хувцаслалтыг хайрлахгүй байхын аргагүй ч гэлээ өнөөдрийн Виктория том хэмжээтэй свитер ба зөөлөн урт юбка өмссөнөөрөө илүү төрөлхийн үзэсгэлэнтэй харагдана. Түүний энэ өөрчлөлт маркийн хэв маягт ч мөн адил хүчтэй нөлөөлсөн. Тиймээс шинэ намар-өвөл 2016 цуглуулга биед эвтэйхэн байдалд төвлөрчээ.

Шоу эхлэхээс өмнө Виктория богинохон ярилцлага өгч, энэ удаад өөрийнхөө стилийн өөрчлөлтийн үр дүнг харуулах гэж буйгаа хэлсэн юм. Шинэ загваруудыг зөвхөн Виктория гэлтгүй орчин үеийн бүсгүйчүүд бүгд өмсөхийг хүсэх биз ээ.

Шинэ цуглуулгад олон төрлийн өнгө, гэнэтийн хээнүүд ба геометрийн дүрсүүд оржээ. Мэдээж хэрэг Victoria Beckham маркд дөрвөлжин хээ ба тод өнгө зэрэг нь урьд өмнө нь ашиглагдаж байсан элементүүд ч гэлээ энэ удаад бүх зүйл маш их хэмжээгээр орсон байлаа. Тэр дундаа дизайнерын өнгөний сонголт шаргал, цэнхэр, улаан, ногоон гэх зэрэг маш тод болжээ. Түүнээс гадна Виктория Бекхэмийн хамт олон хэмжээс ба материалаар олон туршилт хийсэн харагдана. Бэлхүүс тодотгох хэрнээ уламжлалт корсетоос илүү зөөлөн, хэлбэргүй, уян хатан корсетууд тун сонирхолтой харагдаж байлаа.

Ө.Тодгэрэл

2016-02-16, 12:00

  • Зураг: