Мөн чанар ба үнэ цэнийг илэрхийлж буй AMULET брэндийн цуглуулга
Өнөөдөр MPDU Digital Fashion Week-ийн сүүлийн буюу тав дах өдөр эхэллээ. Энэхүү Монголын загварын долоо хоногийн хаалтын өдөр Amulet брэнд "Paper Bird" цуглуулгаа толилуулахад бэлэн болсон байна.
Paper bird буюу цаасан шувуу цуглуулгаараа Amulet брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Бэлгүтэй загварын чиг хандлагыг хөөхгүйгээр өөрсдийн жинхэнэ мөн чанар, үзэл бодол болон үнэт зүйлсээ илэрхийлжээ. Цуглуулгын зорилгын талаар Б.Бэлгүтэй "Дэлхийн олон мянган брэндүүд өөрсдийн цуглуулгуудаа ар араас нь гаргаж байгаа энэ үед өөрийгөө таньж мэдэх цаг олдохгүй байгаа нь харамсалтай санагддаг. Тиймээс өөрийнхөө мөн чанарыг ямар ч цаг үед авч үлдээсэй гэсэн санаагаа "Paper Bird"-р дамжуулан уриалахыг хичээлээ" хэмээн хуваалцсан бөгөөд түүний амьдралд чухал байр суурь эзэлдэг эрхэм хүмүүсийн талаар дурдсан юм. "Миний их сургуулийн багш Б.Сарнай болон Итали улсад магистрын зэргээ хамгаалах үед багшилж байсан Veneranda Carrino нар хоёул Япон улсад сурч, ажиллаж байсан. Багш нар маань надад Япон дизайнерууд уран бүтээлдээ ямар чин сэтгэлээсээ ханддагийг заасан бөгөөд тэднээс олж авсан энэхүү мэдлэгээ цуглуулгадаа шингээсэн" гэлээ.
Цуглуулгыг харахад хамгийн түрүүнд цаасан шувууны хэлбэртэй чимэглэлүүд анхаарал татна. Дизайнер тус шийдлийг бага байхдаа дүүгийн хамт оригами буюу цаасан нугалбараар гоёмсог даашинзууд хийдэг байсан үеэсээ санаа аван гаргажээ. Түүнчлэн шинэ содон зүйлсийг хэрэглэгчидтэйгээ хамт нээж, онцгой холбоо үүсгэх чин хүсэлтэй Б.Бэлгүтэй загварыг нь хувирган өөрчилж болдог хувцаснуудыг цуглуулгадаа оруулсан байна. Ингэхдээ тэрээр загваруудаа байгалийн өнгө болон хад чулууг илэрхийлсэн өнгөнүүдээр урлажээ.
"Энэхүү цуглуулгыг бүтээх явцад үргэлж миний хажууд байсан дотнын сайн найз, Амулэт брэндийн creative artist, photographer, загварын зөвлөх Б.Баяржаргалдаа болон үргэлж чин сэтгэлээсээ зүрх сэтгэлээ зориулан ажилладаг Амулэт брэндийн багынхандаа талархлаа илэрхийлье. Түүнчлэн 'Зэрэглээ' студийн авьяаслаг залуучууд болох TEI, Butterflyromp, хөгжмийг зохиосон TEI, make-up artist О.Наранбилэг, үс засалтыг хариуцсан Г.Эрдэнэбилэг, гоёл чимэглэлийн Bloro&Muzla comme des nomades, мөн Ө.Буянхишиг, Э.Мишээл моделиуддаа маш их баярлалаа" хэмээн дизайнер Б.Бэлгүтэй баг, хамт олныгоо дурдаж баярласан талархсанаа илэрхийлсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт