Бюро 24/7 тойм: Баярмаа Баярхүү намар-өвөл 2016 цуглуулга

Хоёр дах удаагаа Нью-Йоркт

Бид Нью-Йоркийн загварын долоо хоногоос хамгийн их хүлээсэн мэдээ бол дизайнер Баярмаа Баярхүүгийн шинэ цуглуулга байлаа. Нэг жилийн өмнө Нью-Йоркт, Mercedes Benz загварын шоуны тайзнаа өөрийн анхны загваруудаа танилцуулсан дизайнер маань энэ жил юу бэлдсэнийг хамтдаа харцгаая

Баярмаа Баярхүү хоёрдугаар сарын 19-нд Нью-Йоркийн  Bank of America цамхагт намар-өвөл 2016 цуглуулгаа танилцууллаа. Тэрээр энэ удаа шинэ цуглуулгаа тайзны загварын шоугоор биш, харин танилцуулга байдлаар үзүүлсэн байна. Б.Баярмаагийн өмнөх цуглуулга бие барьсан даашинз, төмөрлөг өнгөнүүдээс бүрдсэн байсан бол энэ удаад дизайнер илүү олон нийтэд зориулсан, цэмцгэр хэв маяг сонгожээ. Гэсэн ч тэрбээр өөрийн хайртай тод өнгөө орхигдуулаагүй байгааг цуглуулгын загварууд дээрх өнгө, өнгийн чимэглэлүүдээс харж болно.

Баярмаа Баярхүү хуучин ба шинэ, уламжлал ба шинэчлэлтийг хооронд нь хослуулах дуртай. Тэр шинэ цуглуулгаа бүтээхдээ Монголын уламжлалт соёл болон орчин үеийн, даяарчлагдсан дэлхийгээс урам авч ажилласан байна. Тиймээс дизайнер бүсгүй Монгол орны давтагдашгүй онцлог болох нөхөн сэргээгддэг баялгийг загвартаа шингээхийг хүсчээ. Энэ нь түүний загвартаа ашиглаж буй материалаар тодорч байгаа юм. Тэрээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь хамгийн бага байдаг тэмээний ноос, сарлагийн хөөвөр, ямааны ноолуур зэрэг шилдэг түүхий эд ашигласан. "Монголчууд эдгээр амьтдыг тайван нөхцөлд тэжээдэг нь хамгийн том давуу тал" гэдгийг Баярмаа Баярхүү харуулахыг зорьжээ.

Намар-өвөл 2016 цуглуулгын эдгээр загваруудыг товчхондоо орчин үеийн чиг хандлагатай, өдөр тутамд өмсөж болох, боломжийн үнэтэй мөн хамгийн гол нь хүнлэг аргаар гарган авсан тансаг материалтай гэж тодорхойлж байна. 

Дизайнер Баярмаа Баярхүү өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сард Mercedes Benz загварын долоо хоногийн хүрээнд өөрийн намар-өвөл цуглуулгыг Нью-Йоркийн Линкольн төвд танилцуулснаар хамгийн анх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Түүнээс хойш Баярмаа Баярхүү Буриад, Өвөр Монгол, ба Хятад улсын хэрэглээний болон үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаад байгаа. Одоогийн байдлаар Хятад Улсын CCTV9 телевиз Баярмаа Баярхүүгийн талаар баримтат кино бэлдэж байгаа бөгөөд энэ нь уг телевизийн Silk Road Trading гэх нэртэй зургаан хэсгээс бүрдсэн киноны нэгэн хэсэг юм. Киноны нээлт 2016 оны намрын улиралд товлогджээ.

Ингээд хоёр дах жилдээ Нью-Йоркийн загварын тайзнаа өөрийн цуглуулгаа амжилттай танилцуулж, бид бүгдийг баярлуулсан дизайнер Баярмаа Баярхүүдээ бүгдээрээ баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсэцгээе. 

 

 

 

Buro.Mongolia

2016-02-25, 17:00