NYFW: Carolina Herrera, Jeremy Scott

Хавар-зун 2016

Нью-Йоркод загварын долоо хоног өрнөж байна. Тав дах өдрийн хамгийн сонирхолтой шоунуудаас хуваалцъя

Carolina Herrera

Carolina Herrera брэндээс бид онц гойд зүйл хүлээж байсангүй. Гэвч энэ удаа эндүүрчээ. Өнөөдрийн шоу биднийг багагүй гайхшруулаад авлаа. Дизайнерууд "залуу бүсгүйн" шинж чанарыг харуулсан, тун сонирхолтой цуглуулга дэлгэлээ. Тайз дээр нэг бол муу дүрд хувирсан, нэг бол гэгээлэг дагина мэт охидууд гарч ирж байсан ч бүгд үнэхээр cool харагдаж байлаа. Тэгэхээр эдгээр бохь шиг цагаан ягаан өнгийн даашинзууд юугаараа онцгойрч байв?

Хэвшмэл болсон "охидын" өнгө ба энгийн силуэттэй ч гэлээ эдгээр загварууд нэлээд ер бусын хийцтэй санагдлаа. Зарим загварууд ижил өнгөтэй, орооцолдсон модны мөчир мэт харагдах аалзны тороор чимэглэгдсэн байсан бөгөөд энэ нь 1950-аад оны эсвэл baby doll-ын хэв маяг оруулсан харагдана. Өөр загварууд нь хайрсаар бүрхэгдсэн бол, дараагийнх нь геометрийн дүрсүүдээс бүтэж, дүрс хооронд гарах зайгаар арьс гэрэлтэж байлаа. Ховор тохиолдолд Эррерагийн хамт олон гэрэлтсэн даавуугаар хийсэн хөнгөхөн хувцаснууд тайзнаа гаргаж, харин бусад үед нь эсрэгээрээ маш олон давхарга чимэглэл бүхий биеийг бүхлээр нь хаах загварууд танилцууллаа. Зарим загварууд моделиудыг хатуу чанга харагдуулж, заримыг нь энхрий цэцэг мэт болгосон. Энэ бүгд хачирхалтай хэрнээ хоорондоо сайхан нийцэж, өвөрмөц цуглуулга бий болгожээ.

Jeremy Scott

Энэ өдөр Жереми Скоттын хувьд онцгой болж өнгөрлөө. Нэгдүгээрт тэр шинэ цуглуулгаа танилцуулсан, хоёрдугаарт "Jeremy Scott: The People's Designer" гэх түүний тухай кино нээлтээ хийлээ. Киног одоохондоо бид үзэж амжаагүй байгаа тул юуны түрүүнд цуглуулгын талаар ярьцгаая. Энэ удаад дизайнер 1960-аад оныг 1980-аад онтой хольж, дээрээс нь өөрийн дуртай хошин-хүүхэлдэйн хэв маягаа нэмлээ. Бүх моделиуд цайвар эсвэл бараан өнгийн парикууд зүүж, барби хэв маягаар тайзнаа гарч ирсэн.

Энэхүү цуглуулгыг WWD-гийн сэтгүүлчид хамгийн оновчтойгоор тоймлон бичээд амжсан байна. Тэдний үзсэнээр Жеремигийн шоу яг л 1980-аад онд болж буй 1960-аад оны хувцасны сэдэвтэй үдэшлэг бөгөөд моделиуд нь он жилүүддээ төөрсөн залуучууд шиг харагдсан гэнэ. Учир нь эдгээр хоёр эрин үеийн силуэтүүд хоорондоо зугаатайгаар холилдсон нь огт авцалдаагүй мэт сэтгэгдэл төрүүлж, мөн шоуны ерөнхий орчин багт наадмын уур амьсгалтай байсан аж. Түүнчлэн хэрвээ та үргэлж гангстерийн эхнэр болохыг мөрөөддөг байсан бол цуглуулгын буу болон пулемётын зураглалтай загваруудыг сонирхоод үзээрэй.

Ө.Тодгэрэл

2015-09-16, 13:30

  • Зураг: GettyImages