Victoria Beckham брэндийн шинэ улиралд зориулсан даруу загварууд

Намар-өвөл 2020

Лондонгийн загварын долоо хоног дөрөв дэх өдрөө үргэлжилж, дизайнерууд намар-өвөл 2020 улиралд зориулсан цуглуулгаа танилцуулсаар байна. Тэдний нэг болох загвар зохион бүтээгч Виктория Бекхэм 1980-аад оны супер загвар өмсөгчид болох Пенелопа Три, Мариса Беренсон нарын хувцаслалтаас бүтээлч сэдэл авсан даруу атлаа эмэгтэйлэг байдлыг тодотгох загваруудыг урлажээ.

Шинэ цуглуулгад ноолууран даашинз, кюлот өмд, шоо дөрвөлжин хээтэй сорочка, даашинз, твид хүрэм, хослол, нүсэр ханцуйтай цамц, нөмрөг зэрэг ажил хэрэгч уур амьсгалтай загварууд багтсан байна. Харин эдгээр төрхүүдийг бариу загварын урт түрийтэй гуталтай хослуулсан ба дизайнер Виктория Бекхэм "урт түрийтэй гутал бол үнэхээр тачаангуй атлаа хүчирхэг харагдуулдаг загварын нэг" хэмээн шоуны үеэр ярьсан юм.

Buro.Mongolia

2020-02-17, 15:48