Ann Demeulemeester-ийн бүтээлч захирал
Загвар зохион бүтээгч Анн Демельмейстер өөрийн үүсгэн байгуулсан загварын брэндээ хоёр жилийн өмнө орхисон билээ. Тиймээс брэндэд түүнийг орлох хүнийг яаралтай олох хэрэг гарсан юм. Яг энэ үед л Парисаас гаралтай загвар зохион бүтээгч Себастьян Меньегийн нэр яригдаж эхэлсэн бөгөөд Евгений Рябкин түүнтэй уулзаж брэндийн ирээдүйн талаар болон шүтэн бишрэгчдийг юу хүлээж байгаа талаар ярилцлаа
Тэрээр Ann Demeulemeester брэндэд нэгдэхээсээ өмнө, удаан хугацааны турш Maison Martin Margiela-д ажилласан билээ. Харин брэндийн үүсгэн байгуулагч Анныг ажлаа орхих хүртэл түүнтэй хоёр жилийн турш нэг багт байжээ. Гэлээ ч хүмүүс түүнийг Анн Дельмейстерийн ажлыг үргэлжлүүлж чадна гэдэгт эргэлзсээр байлаа. Өөрөөр хэлбэл, Анн Дельмейстергүйгээр брэнд цаашид оршин тогтнож чадна гэж үү?
Менье бүтээлч захирлын суудалд очсон ч эхэн үедээ брэндийн хэв маягт бараг л өөрчлөлт ороогүй юм. Тэгэхдээ төд удалгүй загвар зохион бүтээгч Ann Demeulemeester брэндэд цоо шинэ хэв маяг танилцуулсан байна. Хамгийн сүүлд гаргасан эрэгтэй загварын цуглуулга нь брэндийн алдарт рок-н-ролл болон нэг өнгийн цуглуулгаас огт өөр, зоримог шийдэлтэй болжээ. Себастьян тогтсон хэв маягийг эвдэх гэж эрэгтэй загварууддаа тод өнгө, дөрвөлжин хээ зэрэг цоо шинэ зүйлс оруулсан нь илт байлаа. Харин зарим нэг брэндийн шүтэн бишрэгчид энэхүү өөрчлөлтийг тийм ч таатай хүлээж аваагүй юм. Хэдийгээр тэр хуучин шүтэн бишрэгчдээ түлхсэн байж болох ч шинэ дэмжигчидтэй болно гэдэг нь гарцаагүй юм. Биднийг Парисчуудын дуртай газар болох Café Charlot-д уулзахад тэр яг энэ тухай бодож байлаа. Учир нь хэдхэн хоногийн өмнө Ann Demeulemeester-ийн эрэгтэй загварын танилцуулга болж өнгөрсөн байлаа.
Та анх яаж яваад загварын ертөнц рүү орчихсон бэ?
Би Версалиас гаралтай л даа. Харин Парист ESMOD (Урлаг, Загварын Технологийн Дээд Сургууль)-д суралцаж байсан. Анх 1998 онд миний бүтээл Олон улсын Hyeres наадамд оролцохоор сонгогдож, улмаар түрүүлсэн юм. Энэ наадмын дараа надад Парисын загвар зохион бүтээгч Жан Колонна хамтран ажиллах санал тавьсан. Гэхдээ би түүнтэй тийм ч удаан ажиллаагүй. Учир нь тэр үед би аль хэдийнэ өөрийн гэсэн цуглуулгыг бүтээгээд эхэлчихсэн байсан. Би дараа нь Парист энэ цуглуулгаа бүтэн жилийн турш танилцуулсан. Яг энэ үед буюу 2000 онд Martin Margiela загварын ордон намайг эмэгтэй цуглуулгынхаа сүлжмэл даавуу хариуцсан загвар зохион бүтээгчээр авсан юм. Хүн бүрт миний хийсэн зүйлс таалагдаж байсан тул би тэндээ үлдэж, арван жил ажилласан даа. Эхэндээ эмэгтэй цуглуулга дээр ажилладаг байсан ч аажмаар эрэгтэй загвар луу орсон.
Та Maison Martin Margiela-д ажиллаж байсан үеийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч.
Намайг брэндийн хамтран эзэмшигч Женни Мейренс урьсан юм. Би Маржелатай ганцхан Парист биш, Италид ч хамт ажилласан. Учир нь бүх эсгүүр, эх загварууд Италид хийгддэг ба үйлдвэр ч гэсэн тэнд байрладаг. Парис дахь урланд ихэвчлэн загвар гаргаж, уулзалт зохион байгуулдаг юм. Ийм байдлаар би долоо, долоо хоногоор Парис, Итали хоёрт ээлжлэн амьдардаг байлаа.
Харин та дараа нь яаж Ann Demeulemeester-т орсон бэ?
Би анх 2010 онд шинэ ажилдаа орсон гэхээр аль хэдийнэ таван жил гаруй хугацаа өнгөрчихөж. Тухайн үед Анн Демельмейстер эрэгтэй цуглуулгадаа загвар зохион бүтээгч хайж байсан юм. Харин тэр намайг Maison Margiela-гийн бүтээлүүдээр маань мэддэг байсан тул өөрөө надтай холбогдсон. Би Анн болон түүний нөхөртэй Антверпенд уулзаж, бүтэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн. Ажлын ярилцлага дууссаны дараа би Парис орох галт тэрэг хүлээн зогсож байлаа. Тэгэхэд Анн над руу утасдаж брэнддээ ажиллах санал тавихад нь би шууд зөвшөөрсөн юм.
Энэ бол миний хувьд өөрчлөлт хийхэд хамгийн тохиромжтой цаг байсан. Учир нь би Margiela-д ажиллаад аль хэдийнэ арван жил болсон. Тэнд би хийх ёстой гэж бодсон бүх зүйлсээ хийсэн байлаа. Би эрэгтэй хувцасны цуглуулгаа хийж дуусаад, загварын шоуны дараагийн өдөр нь шууд ажлаасаа гарсан юм. Дараа нь би Аннтай хамт хоёр жил ажилласан. Тэр нэг удаа намайг оройн хоолонд уриад, ажлаасаа гарах гэж байгаагаа хэллээ. Анн надаас зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэй загваруудыг ч хариуцаж ажиллахыг хүссэн. Иймээс би үйл явдлын дунд маш их зүйл сурсан гэж хэлж чадна.
Загварын шоу дуусч, та Анны оронд гарч ирэн ёслоход танд эвгүй байдаг уу? Эсвэл эсрэгээрээ, урам зориг өгдөг үү?
Надад урам зориг өгсөн. Үүнтэй зэрэгцээд би тодорхой хэмжээгээр тайвшрал мэдэрсэн. Би энэ талаар бага бодохыг хичээдэг. Өдөр бүр ажиллаад л, хийх ёстой зүйлээ хийгээд л явж байна. Загвар бол миний анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээж байгаа ганц зүйл. Хэрэв би загварын тайзны нөгөө талд байгаа хүмүүсийн талаар бодох юм бол айдас мэдэрч эхэлнэ. Тийм болохоор би ийм бодлоос зайлсхийдэг.
Надад хамгийн анх, Хятадад Ann Demeulesteer-ийн дэлгүүрийг нээх үед олон нийтийн өмнө ёслох хэрэг гарсан. Үнэндээ, Анн аль хэдийнэ брэндээс гарчихсан байсан л даа. Гэсэн ч Анн нөхөр Патрикийн хамт, Шанхайд байрлах дэлгүүрийн дотоод заслын загварыг гаргасан учраас бид үргэлжлүүлэн хамт ажилласаар байлаа. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн нээлтэнд зориулж бид хамт ажилласан ч, загварын шоуны төгсгөлд би гарч ёслох ёстой болсон.
Миний дотны хүмүүс, найзууд болон хайр надад урам зориг өгдөг
Ann Demeulemeester-т өөрийн үзэл баримтлал үргэлж байсаар ирсэн. Тийм ч болохоор олон үнэнч шүтэн бишрэгчидтэй байх. Үүсгэн байгуулагчийн үзэл бодолд үнэнч байх ёстой гэсэн хүнд ачаа таны нуруун дээр ирж байна уу?
Энэ үнэхээр амаргүй шүү. Брэндийн хэв маяг өөрчлөгдөх ёсгүй гэж шүтэн бишрэгчид үзэж байгаа. Үнэнийг хэлэхэд, орчин үед энэ зүйл боломжгүй гэж бодож байна. Хэн нэгний зохиосон зүйлийг байнга давтах боломжгүй шүү дээ. Анн бид хоёрыг романтик сэтгэлгээ нэгтгэдэг. Гэхдээ бие даасан загвар зохион бүтээгчийн хувиар би юу хийх ёстойгоо бодох хэрэгтэй. Би романтик загварын цуглуулгаа үргэлжлүүлэн хийсээр байгаа ч Анны хэв маягт нийцэхгүй, шинэ зүйлсийг нэмж байгаа. Үнэндээ сентиментал яруу найраг миний мөн чанар огт биш.
Үүнээс гадна, загварын ертөнцөд бүх зүйл маш хурдтай өөрчлөгдөж байдаг. Тэртээ 20 жилийн өмнө бишрэгдэж байсан зүйлс одоо тийм ч түгээмэл биш болсон. Компани маань өөрөө хөгжиж, үргэлж урагш тэмүүлж байх ёстой. Мэдээж би хуучин шүтэн бишрэгчдээ алдахыг хүсэхгүй байгаа ч тэднийг хүсэхгүй байхад нь үлд гээд байж чадахгүй шүү дээ. Анн Демельмейстерийн шүтэн бишрэгчид их эмзэг, би үүнийг нь ч хүндэлдэг.
Анх эмэгтэй цуглуулга дээр ажилласны дараагаар, хоёр улирлын турш би их болгоомжтой хөдөлсөн. Би Анныг маш их хүндэлдэг учир өөрчлөлтийг аажмаар хийх ёстой гэж үзсэн. Гэсэн хэдий ч, би өөрийгөө болон бүтээлийнхээ үзэл санааг харуулах нь чухал. Би зөн совиндоо итгэдэг. Мөн өөртөө болон хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хүсч байна. Миний үзэл бодлыг илэрхийлдэггүй, надад таалагдахгүй хувцасыг би хийж чадахгүй.
Та загвараа хэрхэн гаргадаг үйл явцаасаа ярьж өгч болох уу?
Бүх зүйл үргэлж л даавуунаас эхэлдэг. Мэдээж хэрэг надад ямар нэг санаа, концепци байдаг. Би цуглуулгаа бүтээхдээ ямар ч түгшүүр, дарамт мэдрэхийг хүсдэггүй загвар зохион бүтээгчдийн нэг л дээ. Миний дотны хүмүүс, найзууд болон хайр надад урам зориг өгдөг. Өөрөөр хэлбэл миний амьдрал намайг хөглөдөг.
Аннаас ялгаатай нь надад байнгын, өөрчлөгддөггүй урам зориг өгдөг эх үүсвэр байхгүй л дээ. Надад зарим нэг зураачид таалагддаг. Заримдаа би тэднээс санаа авч цуглуулга бүтээдэг. Гэхдээ би тэдний шүтэн бишрэгч гэж хэлж чадахгүй. Би өөрийн амьдралдаа болон бодолдоо илүү анхаарлаа төвлөрүүлдэг. Миний онгод хэзээ ч орж магадгүй. Жишээ нь би урлагийн бүтээл судалж эхэллээ гэж бодьё. Дараа нь сэдвээ сонгосон тохиолдолд, шууд л ямар даавуу ашиглаж болох талаар боддог. Ингэж цуглуулга маань хэлбэртэй болж эхэлдэг. Үүний дараагаар ашиглах даавуугаа бодож байгаад хар зураг гаргадаг. Хар зураг гаргах нь загвар зохиоход хамгийн чухал шат болдог. Би бүтэн цуглуулгыг долоо хоногийн дотор зурж чадна. Би загвараа гаргахдаа, ажиллахдаа тодорхой хэмжээгээр донтдог гэж хэлж болно.
Таны саяхан Парист танилцуулсан эрэгтэй цуглуулгын санаа хаанаас гарч ирсэн бэ?
"Аполлон ба Дафна" гэдэг хөшөөнөөс санаа авч хийсэн. Би найзтайгаа хамт Ром хотын Боргезе ордонг үзэж байсан юм л даа. Тэгээд Бернинигийн хөшөөний өмнө зогсож байхдаа энэхүү үзэсгэлэнтэй бас эмгэнэлт домогт зориулж цуглуулгаа хийнэ гэдгээ ойлгосон. Дурлалын бурханы суманд харвагдсан Аполлон, Дафнад дурладаг. Гэсэн хэдий ч Дафна эсрэг нөлөөтэй суманд харвуулсан тул Аполлоныг үл тоомсорлодог. Домогт ийм зүйл болсон тэдний буруу гэж байхгүй. Нөгөөтэйгүүр энэ түүх миний, өөрийн амьдралыг санагдуулсан. Би тийм ч амар дурлаад байдаггүй ч, хэрэв дурлах юм бол маш гүнзгий мэдрэмж авдаг. Үнэн хэрэгтээ би хүйс харгалзахгүйгээр, бүх л цуглуулгадаа романтик сэтгэлгээгээр хандахыг эрмэлздэг.
Таны мөрөөдөл болон ирээдүйн төлөвлөгөө юу вэ?
Бүх зүйл маш энгийн, би энэ компанид өөрийн бүтээлч санаагаа хэрэгжүүлэх боломжтой байхыг хүсдэг. Өөрийнхөөрөө байж , миний санаа сайхан гэдгийг хүмүүст ойлгуулах нь миний ажил байх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт