«Анна Винтурын бүтээсэн мангас»: Кендалл Женнер хэрхэн амжилтанд хүрсэн бэ?

Загварын салбарын оргилд хүрч чадсан нэгэн гэр бүлийн түүх

Buro 24/7-гийн тоймч Саша Амато Америкийн Vogue сэтгүүл ямар зарчмын доор ажилладаг болохыг, мөн тэд юуны учир Кендалл Женнерийг од болгосныг тайлбарлаж байна

«Хүмүүсээ, Кендалл намайг Instagram дээр блоколчихож гээд бод доо! Инээдтэй юм аа» хэмээн «Frakowiak» гэх нэртэй хэрэглэгч Twitter дээр бичсэн харагдлаа. «Түүнд өөр хийх юм олдохгүй байгаа юм байх даа, гэхдээ чи ч аргагүй од л доо» гэж түүний «Diorwiak» хочтой найз хариулсан байв. Тэд мэдээж хэрэг загвар өмсөгч Магдалена Фраковякийн үнэнч фэнүүд нь юм.

Кендаллыг бусдаас онцгойлон хайрладаг Америкийн Vogue сэтгүүлийг ч бас Twitter хэрэглэгчид нэлээд дургүйцсэн хандлагаар хэлэлцдэг болсон. «Анна, чи чинь согтуу байсан юм уу? Яагаад энэ охиныг нүүр хуудас дээр тавьж байгаа юм бэ? Тэр хамгийн ихдээ Teen Vogue дээр л гарах чадвартай шүү дээ!» гэх сэтгэгдлүүд #ripvogue эсвэл #makeamericanvoguegreatagain гэх хэштаг хаягтай бичигдсэн байдаг болж. «Би бол хамгийн сүүлд хэзээ энэ шар сэтгүүлийг худалдаж авснаа ч санахаа байсан», «Анна, чи одоо баярлаж болно. Чиний сэтгүүлийг одоо зөвхөн өсвөр насныхан л уншдаг болно. Чи мэдээж хэрэг үүгээрээ мөнгө их олно, гэхдээ Vogue-ын агуу залгамж, халааг чи үгүй хийлээ» гэж тэд бичицгээх аж.

Vogue сэтгүүлийг цаасаар нь биш харин хайрт tumblr блогоосоо татаж авдаг шинэ мянганы уншигчдын дээр дурдсан шүүмжлэлүүд бага зэрэг хоцрогдчихсон юм шиг санагдлаа. Анна Винтур хамгийн анх 1988 онд ерөнхий редакторын суудлыг эзлэхдээ өөртэйгөө цуг шинэ эрин үеийг эхлүүлсэн юм. Түүнийг ирснээс хойш сэтгүүлийн нүүр Кейт Моссын хэлж байсанчлан «Загвар өмсөгч бүрийн мөрөөдлийн оргил» байхаа больсон. Нүүр хуудас дээр загварт ямар ч хамааралгүй Диана гүнж, Уэльсийн гүнж, Гвинет Пэлтроу гэх зэрэг алдартнууд гарах болсон билээ.

Гэхдээ нөгөө талаар олон нийтийн сүлжээнд дургүйцлээ илэрхийлж буй уншигчдын зөв ч байж болох юм. Загварын салбарын хамгийн нэр хүндтэй шүүмжлэгчид хүртэл Vogue сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарыг хараад сэтгэл дундуур үлдсэн. Учир нь энэхүү дугаарын нийт 52 хуудас Женнер-Кардашьян-Уэст гэх "мафи" гэр бүлээс гаралтай шинэхэн модель Кендаллд зориулагдсан байсан юм.

Үүний дараа гарсан уншигчдын шүүмжлэлийг ерөнхий хоёр бүлэгт хувааж болно. Нэг хэсэг нь "Женнер ийм зэргийн анхаарал хүртэх ёсгүй. Тэр тайзан дээр алхах байтугай камерын өмнө ч пооз авж чаддаггүй" гэдэг. Гэхдээ үнэхээр ховербоард дээр тогтох гэж оролдож байгаа Кендаллын бичлэг түүний чадварт эргэлзэх нэгэн шалтгаан болсон нь үнэн. Харин нөгөө хэсэг нь "Анна Винтурыг Кардашьян гэр бүлийн том ээж Крис Женнер худалдаж авсан мэт санагдаж байна" хэмээн дургүйцдэг. Кендалл энэ оны есдүгээр сарын Vogue сэтгүүлийн нүүр хуудсанд гарахад түүнийг үзэн ядах давалгаа дахин нэг удаа хүчээ авсан байгаа. Үүний хажуугаар Анна Винтур үргэлж Кендаллтай цуг ямар нэгэн арга хэмжээнд оролцож байгаа нь олны анхаарлыг татаж, мөн Каньегийн "Famous" дуу яг л гал дээр тос нэмж буй мэт болж өгсөн. Хэрвээ та санаж байгаа бол тэрхүү дууны клипэнд нүцгэн Анна Винтур, Дональд Трамптай хамт Кардашьяны гэр бүлийн голд, нэлээн "хүндтэй" газар заларсан байсан шүү дээ.

Гэхдээ энэ бүгдээс харахад Кендаллыг тогтмол Vogue-ын нүүрэнд гарч буйд дургүйцэх уншигчид нэг л зүйлийг дутуу ойлгож байна. АНУ-ын хамгийн чинээлэг гэр бүл болох Кардашьяныхан зөвхөн тэдгээр уншигчдын ачаар л ийм хэмжээнд хүрч чадсан юм шүү дээ. Учир нь америкчууд тэднийг үзэн ядах хэтэрхий дуртай. Энэ бол дээд түвшний троллинг юм. Зүгээр ч нэг дээд түвшний биш, бүр сансрын хэмжээнд хүрсэн троллинг. Үүний үр дүнд л дэлхийн хамгийн гол загварын сэтгүүлийг Кардашьян гэр бүлийн гишүүн чимж байна. Ердөөсөө орчин үед чи хэр их хүний анхаарлыг татаж байна гэдэг л их чухал болжээ.

Женнер-Кардашьяныхны хувьд олон нийтийн дунд ямар нэгэн шуугиан үүсгэх нь талхан дээр масло түрхэхтэй адил, хэтэрхий хялбар зүйл. Сайн анзаарвал энэ гэр бүл үргэлж ямар нэгэн шүүх хурал санаачилж байдаг. Саяхан л гэхэд Кардашьян эгч дүүс "Haven Beauty" гэх компаний эсрэг гомдол гаргаад авсан. Тэрхүү компани Кардашьян гэр бүлийн нэрийг зөвшөөрөлгүй бүтээгдэхүүнүүддээ ашигласан юм байх.

Тэгэхээр Vogue сэтгүүлийн сүүлийн дугааруудыг тийм ч чадварлаг биш модель чимэх болсны гол шалтгаан юунд байна вэ гэхээр Кардашьян гэр бүлийн танилцуулсан сурталчилгаа болон дэлгэрүүлэлтийн тактикийг Vogue сэтгүүлийнхэн баяртайгаар хүлээж авсан байна. Хамгийн гол нь ийм төрлийн маркетингийн стратеги үнэхээр л бодит үр дүн авчирч байна. Vogue одоо хүртэл дэлхийн сэтгүүлийн зах зээлийн 12%-ийг эзэлж, Кендаллын чимсэн дугаар 460,000 давсан тоо ширхэгээр борлуулагджээ. Цаасан сэтгүүл харьж яваа цагт энэ бол том амжилт юм шүү.

Тэгэхээр Винтур ба Кардашьяныхан хамтарч Vogue-ыг жинхэнэ олны дунд шуугиан тарьсан мангас болгон хувиргаж байна. Энэ мангас цаашид ч романтик сэтгэлгээтэй шинэхэн уншигчдыг сэтгэл дундуур туучиж, мөрөө тод үлдээх болно. Хамгийн гол нь Франкенштейны бүтээсэн мангас бүтээгчийнхээ эсрэг босдог түүх давтагдах вий.

Buro.Mongolia

2016-09-07, 08:00

  • Зураг: