Өнгөрсөн бямба гарагт Италийн Наполи хотоос гаралтай, эрчүүдэд зориулсан дээд зэрэглэлийн хослол санал болгодог ISAIA брэнд Монголд албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ онцгой үйл явдалд зориулан хүрэлцэн ирсэн тус брэндийн ерөнхийлөгч Жианлука Изайатай Бюро 24/7 уулзаж ярилцлаа
"ISAIA брэнд хэрэглэгчиддээ бусдаас өөр байх боломжийг олгодог" гэж Жианлука Изайа бидэнд ярьж байна. Тэр бол тус брэндийг үүсгэн байгуулагчийн гурав дах үеийн ач бөгөөд өнөөдөр бизнесээ маш амжилттай авч яваа хүн юм. Өнгөрсөн бямба гарагт Шангри-Ла зочид буудалд болсон ISAIA брэндийн нээлтэн дээр монголын тэргүүлэх зэргийн эрчүүд, залуучууд цугларсан байлаа. Тэдний анхаарлыг орчин үеийн хэрнээ чанартай хослол санал болгодог ISAIA брэндийн философи их татсан юм.
Ингээд Улаанбаатарт ийм сонирхолтой үйлчилгээ, дэлхийн чанар, стандартыг авчирсан ISAIA брэндийн ерөнхийлөгч Жианлука Изайатай ярилцсанаа та бүхэнд хүргэе.
Та бүхнийг Монголд салбар дэлгүүрээ нээн өргөжиж байгаад тань баяр хүргэе. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач.
Баярлалаа, Монголд ирж байгаа минь гайхамшигтай байна. Би Монголыг Чингис хаанаар сайн мэддэг. Анх удаагаа зочилж байна.
Та яагаад Монголд салбар дэлгүүрээ нээхээр болов? Энэ шийдвэрийг гаргахад юу нөлөөлсөн бэ?
ISAIA брэндийг маань монголд оруулж ирсэн Премьер Тайлор компанийн Т.Зориг хамгийн анх манай төв оффис дээр хоёр жилийн өмнө ирж байлаа. Түүнтэй анх уулзахад л эерэг мэдрэмж төрж, хүсэл эрмэлзэлтэй, тууштай зан чанар нь бидэнд таалагдаж, салбараа Монголд нээхээр шийдсэн. Аливаа юманд хүний хүсэл эрмэлзэл маш чухал.
Та бүхний Монголд тавьж байгаа зорилго юу вэ?
Монгол хэрэглэгчид ISAIA брэнд гэж юу болохыг, бидний философи, амьдралын хэв маягийг ойлгоосой гэж зорьж байна. Бидний хувьд энэ их чухал. Бид өөр байхыг хүсдэг бөгөөд бусдаас онцгой шинж чанар олон бий. ISAIA бол чанартай бүтээгдэхүүнтэй мэргэжлийн байгууллага. Гэхдээ бид хөгжилтэй байхыг зорьдог. Хааяа бид цуглуулгадаа егөөдсөн, өдөөн хатгасан хэв маягтай зүйлс оруулдаг л даа. Энэ бүхэн их сонирхолтой байж, загваруудыг маань хэт чухал биш болгодог юм.
Эрчүүд дүрэм дагалгүйгээр өөрсдийн хүссэн хэв маягтай, өвөрмөц төрх бүрдүүлэхэд бид тусалж, хамтран ажилладаг
Сүүлийн үед дэлхийн маш олон алдартай эрчүүд ISAIA-г сонгон өмсөж байна. Уилл Смит, "Тhor"-ын Крис Хэмсворт, Том Круз, Жоханес Хиюбэл гэх мэт. Таны бодлоор тэд яагаад ISAIA-г сонгох болов?
ISAIA хэрэглэгчиддээ бусдаас өөр байх боломжийг олгодог. Эрчүүд дүрэм дагалгүйгээр өөрсдийн хүссэн хэв маягтай, өвөрмөц төрх бүрдүүлэхэд бид тусалж, хамтран ажилладаг. Хэрэглэгчид хүссэн өнгө, материал, загвараараа өөртөө яг таарсан хувцас захиалж авдаг нь тэдэнд таалагддаг байх.
Хүн бүр өөрийн гэсэн мэдрэмжтэй, чамин байдаг. Өөртөө сэтгэл хангалуун байх нь маш чухал. Би нэг жишээг байнга хэлдэг юм. Та тайзан дээр ганцаараа зогсож байхад маш олон хүн тан руу хараад сууж байна гээд төсөөлдөө. Энэ үед та өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй зогсож байвал та өөрийн гэсэн стильтэй байна гэсэн үг.
Танай "made-to-measure" үйлчилгээ, чанартай материал, аксесуар гээд надад их таалагдсан. Харин танд танай брэндээс хамгийн ихээр таалагддаг, таны үргэлж хэрэглэдэг зүйлс гэж бий юу?
Би танд үнэнээ хэлье. Миний сонирхол маш их өөрчлөгддөг. Би жилд гардаг цуглуулга бүрээс байнга өөр зүйлсийг сонгон өмсдөг. Харин миний ганц өөрчлөгддөггүй юм гэвэл хөлөндөө өмсдөг зүйл маань. /инээв/ Би зөвхөн хүйтэн үед л гутал өмсдөг. Харин бусад үед үргэлж л сандаалтай явдаг. Гоёмсог хослолын доор хүртэл сандаал өмсдөг.
Эрчүүд биедээ таараагүй хувцас өмсөж алдаа гаргасан тохиолдол олон таардаг. Энэ нь тэднийг заавал захиалгат хувцас өмсөх хэрэгтэй гэсэн үг биш л дээ. Харин маш хялбархнаар ханцуй болон өмдний уртаас багахан хасахад л илүү цэмцгэр харагддаг. Та харин энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Хүмүүс эмэгтэйчүүдийг тольны өмнө их цаг өнгөрөөдөг гэж ярьдаг. Миний бодлоор харин ч эрчүүд тэднээс хамаагүй их тольддог. Тэд бусдад тэгж бодогдуулах дургүй бөгөөд энэ тал дээр тийм ч нээлттэй биш. Эрчүүд мөн дэлгүүрт орж ирээд худалдагчтай илэн далангүй байж чаддаггүй. Хүмүүс ярьдаг л даа, дэлгүүр том метр квадраттай хэрнээ хувцас өлгөөгүй зай ихтэй байх нь алдагдалтай гэж. Харин бид тайван орчин бүрдүүлсэн өрөө гаргаж, хэрэглэгчидээ кофегоор дайлан ярилцах дуртай. Үйлчлүүлэгчид маань худалдан авалт хийхдээ биш харин бидэнтэй тухтай ярилцан, мэргэжлийн зөвлөгөө авах нь чухал юм. Манай хэрэглэгчид дэлгүүрт маань орж ирээд, ханцуйных нь урт зүгээр байгаа эсэх, сүүлийн үеийн тренд юу байна гээд бүх л талаар бидэнтэй ярилцдаг.
Та их туршлагатай, онцгой стильтэй хүний хувьд манай эрчүүдэд зориулан зөв сайхан хувцаслах талын зөвлөгөө өгөөч. Мөн илүүдэл жинтэй эрчүүд яаж хувцаславал хамгийн тохиромжтой байдаг вэ?
Би эрчүүдийг үргэлж санаа зоволтгүй өөрсдийгөө илэрхийлээсэй гэж боддог. Хэн нэгнийг дуурайн, зүгээр л нэг саарал эсвэл цэнхэр хослол сонголгүй, өөрийн дотоод хүнийг илэрхийлсэн тэр л төрхийг бүрдүүлж стилиэ тодорхойлох хэрэгтэй. Энэ их чухал шүү. Яагаад гэвэл өөрийн гэсэн стильтэй байх нь өөртөө итгэлтэй байдал бий болгодог. Та бод л доо, залуу эр ажилд орох ярилцлага өгөхөөр явж байна гээд. Хэрвээ тэр өөртөө таалагдахаар хувцаслаж, ярилцлагад өөртөө итгэлтэй орвол ямар байх вэ? Эмэгтэйчүүд ч мөн сайхан хувцасладаг залууст дуртай байдаг.
Та логогоо ямар учиртайг манай уншигчдад тайлбарлахгүй юу. Яагаад ийм лого сонгох болсон юм бэ?
Шүр бол Наполи хоттой салшгүй холбоотой зүйл юм. Наполигийнхан бид их сүсэг бишрэлтэй, шүр бидний хувьд амжилтыг бэлгэддэг. Мөн Наполи орох замд байдаг нэгэн жижигхэн хотод хүмүүс шүрээр үнэт эдлэл урлацгаадаг юм. Шүр бол яг л манай брэнд шиг орчин үеийн хэрнээ маш уламжлалт зүйл. Эцэст нь "Яагаад шүр вэ" гэвэл энэ санаа нэгэн Грек домогоос үүдэлтэй юм. Наполи хотыг грекчүүд анх үүсгэн байгуулсан шүү дээ. Улаан шүр хаанаас үүссэн тухай өгүүлдэг эртний грекийн нэгэн домогт Персеус Андромедатай гэрлэхийг хүсдэг юм. Персеус өөрийгөө хүчирхэг эр гэдгээ харуулахын тулд "Би чамд Медузаг хөнөөж өгье" гэж Андромедад хэлдэг. Персеус хэлсэндээ хүрч Медузагийн толгойг тасдхад, цус нь далайн усанд дуслан унамагцаа улаан шүр болж хувирдаг. Энэ бүхнийг үндэслээд бид шүр Наполи хоттой салшгүй холбоотойн сацуу утга санаа, гүн бэлгэдэл нь ISAIA брэндтэй зохицно гэж сонгохоор шийдсэн юм.
Бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Монгол дахь ISAIA салбар дэлгүүр тань дэлхий даяар байгаа бүх салбар дэлгүүрүүдийн адил амжилттай байгаасай гэж бид чин сэтгэлээсээ хүсье.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт