Эрчүүдэд: Isaia-гийн шинэ цуглуулгаар хаврын шүүгээгээ бүрдүүлье

Италийн Кампаниа муж дахь Капри арлыг соронз мэт татдаг гэцгээдэг. Налуу эргийн шугам дагуу байрлах чулуу, бурхны хишиг гэмээр далайн ус нь гоо сайхныг таашаагч хүн бүрийн харцыг булаадаг билээ. Цахим ертөнц дахь хээнцэрлэлт, тансаг зэрэглэлийн бүтикүүд, папарацци зургийн шуурга дэгдэхээс ч өмнө диваажингийн амралтыг эрэлхийлдэг хүмүүс тус арал дээр цугларсаар ирсэн. Тэгвэл Капригийн ховсдох хүч, үзэсгэлэнт байгалийн тогтоц Isaia-гийн хавар-зун 2024 улирлын цуглуулга бүтэхэд гол сэдэл нь болжээ.

Капригийн түүх эртнээс гаралтай. Дэлхий дахинд алдаршсан яруу найрагч Хомэрын “Одиссейн дуулал” туульсанд арал дээрх чулуудын гүнээс эгшиглэх өвөрмөц дуу авиа далайчдыг хүртэл өөртөө татдаг байсан нь тэмдэглэгдсэн байдаг. Зөвхөн тэнд л авч чадах ер бусын мэдрэмжүүд Isaia-гийн шинэ загваруудад тусгалаа олсон байна.


“Anema e Core” цуглуулга


Isaia хавар-зун 2024 цуглуулгаа Капри арлыг бүрэлдүүлэгч эд эс гэгддэг амьд хөгжим, оргилуун дарс, халуун дулаан уур амьсгал нэг дор бүрдсэн “Anema e Core” ресторанаар нэрийджээ. Рианна, Бейонсегээс эхлэн Майкл Жордан, Леонардо ди Каприо, Жиоржио Армани гэхчлэн салбар салбарын маш олон алдартнууд хөл тавьсан тус газрыг хүн бүрийн заавал очиж үзэх ёстой цэгээр нэрлэдэг. Anema e Core-ыг Италийн ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн артист Гүидо Лембо хөгжим, гэр бүл болон Каприг магтан дуулж үүсгэн байгуулсан ба өдгөө энэ нь тус арлын сүм дугантай зүйрлэгдэхүйц шүтээн мэт болжээ. Яг л Anema e Core-ын хаалгаар хөл тавьсан хүн бүр эргээд очмоор гүн сэтгэгдэл авдаг шиг Isaia-гийн шинэ загварууд дахин дахин өмсмөөр мэдрэмжийг төрүүлэх болно.


Арлаас сэдэвлэсэн өнгөний хослол


Нарны тусгалд гялалзах цагаан шохойн чулуу, далайн усны гүнээс үзэгдэх гүн цэнхэр өнгө, агуй дотор гэрэлтэх номин ногоон туяа. Капри арал дээр алгалах өнгөнүүд дуусашгүй их харагдана. Isaia-гийн шинэ загварууд эдгээр өнгөнүүдээс бүрдсэн байгаа нь дулаан салхи, далайн түрлэг, хурц нартай уялдаж цэмцгэр, илүүц зүйлгүй, хөнгөн мэдрэмж төрүүлсэн хавар, зуны шүүгээг бүтээж чадна. Мөн брэндийн зүгээс усан ягаан, шунхан улаан, шүрэн улбар гэхчлэн тод өнгийг онцолж хослол, хүрэм, пиджак гэхчлэн загваруудаар илэрхийлжээ. Үүнээс гадна эдгээр өнгийг хувцасны хээ угалз гаргахад ашиглан жижиг деталь хэлбэрээр цуглуулгад нэгтгэсэн байна.


Даавууны ширхэгт биеллээ олсон байгалийн тогтоц


Хувцасны шүүгээнд амт нэмдэг бүрэлдэхүүний нэг нь хээ угалз билээ. Тэр дундаа урин дулаан хавар, зуны улиралд өнгөлөг харагдахад энэхүү элемент тусалдаг. Ингэхдээ аливаа хээ болон хэвлэлийн тунг нь тааруулна гэдэг дизайнерын ур ухаан билээ. Ямар дүрсийг аль хэсэгт, хэр их давтамжтай гаргаснаас үүдэж тухайн хувцас уялдаатай, аль эсвэл эв хавгүй харагдах нь шийдэгддэг. Тэгвэл Isaia-гийн загварууд яаж ч хувирсан сонгодог, хээнцэр чиг шугамаа алддаггүй онцлогтой. Тухайлбал, брэндийн шинэ цуглуулгад багтсан Капри арлын орчин, дэлбээлж гүйцсэн цэцэгс, Isaia-гийн нэрийн хуудас болсон далайн шүр зэрэг дүрслэлүүд тэрслүү атлаа цэмцгэр өнгө аястай харагдана.


Цаг хугацаанд хавчигдахгүй сонгодог хэв маяг


Isaia-гийн тансаг материал, өө сэвгүй эсгүүр, нарийн мэдрэмжтэй дизайн бол өөртөө санаа тавьдаг, загварт ач холбогдол өгдөг хүчирхэг эрчүүдийн сонголтын шалгуур юм. Нэг улирлаас нөгөөд дамнан загваруудаа гаргахдаа брэндийн зүгээс дээд зэргийн чанартай, тав тухтай, мөн цаг хугацааны эрхэнд хуучрахгүй шинж чанарыг анхаарсаар ирсэн. Энэ удаагийн цуглуулгад ч мөн тэдний голчлон баримталдаг ажил хэрэгч хослол, дан пиджак багтсанаас гадна поло цамц, лаунж стилийн өмд, бомбер детальтай хүрэм гэхчлэн чөлөөт хэв маягтай загварууд үзэгдлээ.

Сонирхуулахад, Isaia өөрсдийн уламжлал болсон "Made To Measure" буюу зөвхөн таны биеийн галбирт тохируулан хослол урладаг арга хэмжээг брэндийн менежер Алберто Кастеллини болон мастер тейлор Луижи Силвестро нарын хамтаар зохион байгуулахаар болжээ. Энэ удаа тэд дан ганц пиджак, хослол, пальто гэлтгүй хоолойтой цамц, жийнсэн өмд, сорочкан цамц, гадуур хүрэм гэхчлэн бүх нэр төрлийн загваруудаас өөрийн биедээ тааруулан захиалах боломжийг олгож байна. Арга хэмжээ энэ сарын 25-ны өдрөөс эхлэн 29-нийг дуустал үргэлжлэх бөгөөд 7711 0050 утсаар холбогдон урьдчилан цаг авч үйлчлүүлэх боломжтой юм. 


ISAIA Mongolia

Утас: 77110050

Хаяг: Шангри-Ла, 1-р давхар, ISAIA дэлгүүр

Facebook: ISAIA Mongolia

Instagram: @isaia_mongolia

Б.Энххүслэн

2024-03-21, 10:01