Александр Ванг шинэ цуглуулгаа шоуныхаа дараа шууд худалдаалах болно

Халуунаараа

Burberry, Tom Ford, Prada ба Balmain брэндүүд загварын тайз дээр гарсан цуглуулгаа тэр даруйд нь худалдаалж байхаар болсноо албан ёсоор зарласан байгаа. Александр Ванг ч бас удаан эргэцүүлсний эцэст уг шинэ системийн давалгаанд нэгдэхээр шийджээ

Дизайнер Александр Ванг 2017 оны аяллын цуглуулгаасаа эхлэн шинэ дүрмийг хэрэгжүүлэх болсноо саяхан мэдэгдлээ. Тэр Alexander Wang Resort 2017 цуглуулгыг арван нэгдүгээр сард олонд дэлгэж, мөн тэр сардаа уг цуглуулгын борлуулалтыг эхлүүлэх аж. Өөрөөр хэлбэл одооноос эхлэн Вангийн цуглуулгууд "харлаа, авлаа" системийн дагуу худалдаалагдана гэсэн үг юм.

"Цуглуулгыг анх харах үе болон хувцаснууд худалдаанд гарах үе хоорондоо ойртох тусам хэрэглэгчдэд тааламжтай байдгийг бид ажигласан. Тэд юмыг хойшлуулалгүйгээр, тэр даруйд нь худалдан авах боломжтой болмогц илүү их догдолж эхэлдэг юм" хэмээн Ванг WWD сэтгүүлд хэлжээ.

Дашрамд дурдахад зөвхөн Александр Ванг гэлтгүй мөн бусад олон дизайнерууд загварын салбарын хуучин системийг эвдэх гэж оролдож, олонд дэлгэгдсэнээсээ гурван сарын дараа дэлгүүрт тавигддаг хуучин дүрмийг эсэргүүцэх болсон. Үүнээс харахад тун удахгүй биднийг томоохон өөрчлөлтүүд хүлээж байгаа нь гарцаагүй биз ээ.

Buro.Mongolia

2016-05-30, 08:00

  • Зураг: