Хантер Шефер Prada-гийн нүүр царайгаар тодорлоо

Кино зураг авалтыг дүрсэлсэн сурталчилгаа

"Euphoria" цувралын гол дүр, 22 настай залуу жүжигчин, загвар өмсөгч Хантер Шефер Prada брэндийн нүүр царайгаар тодорлоо. Түүний оролцсон анхны сурталчилгааг Prada брэнд албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан цацсан бөгөөд шинэ сурталчилгааг алдарт найруулагч Ксавье Долан найруулжээ.

Кино зураг авалтыг дүрсэлсэн сурталчилгаанд зориулан Хантер Шефер Prada брэндийн шинэ цуглуулгад багтсан oversize хүрэм, торон даашинз, хээтэй бариу хослол болон дэрвэгэр даашинз өмссөн байсан нь 1980-аад оны глэм дүр төрхийг санагдуулж байлаа. Түүнчлэн Prada-гийн Galliera гар цүнх сурталчилгааны гол дүр болсон юм.

Эргэн сануулахад, Prada брэнд өмнө нь хэд хэдэн удаа кино урлагийг сурталчилж байсан ба тэр дунд алдарт найруулагч Уэс Андерсонтой хамтран хийсэн богино хэмжээний кино багтдаг билээ. Хувцас загвар бол уран төсөөлөл хэмээн тодорхойлдог Prada загварын ордны хувьд Хантер Шефер, найруулагч Ксавье Долан нартай хамтран ажиллаж буйдаа таатай байгаа гэдгээ онцолсон юм.

Buro.Mongolia

2021-05-12, 14:56