Клаудия Шиффер Chanel-ын хүрмийг онлайн дуудлага худалдаанд орууллаа

Мөн бусад ховор эд зүйлс

Супермодель бүсгүй өөрийн 1995 оны Chanel-ын сурталчилгаанд өмсөж байсан хүрмийг дуудлага худалдаанд орууллаа

Resee.com гэх эртний тансаг зэрэглэлийн эд зүйлс худалдаалдаг онлайн дэлгүүр хөхний хорт хавдартай тэмцэх зорилготой анхны дуудлага худалдаагаа зохион байгуулж байна. Арга хэмжээний үеэр цугларсан бүх мөнгө Breast Cancer Research Foundation-ы дансанд орж, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчилгээний арга барилууд судлах үйл ажиллагаанд зориулагдах гэнэ.

Дуудлага худалдааны зохион байгуулагчид загварын ертөнцийн нөлөө бүхий бүсгүйчүүдэд хандаж өөрийн шүүгээн дэх эртний, үнэ цэнэтэй хувцаснуудаасаа хандивлахыг хүссэн байна. Ийнхүү уг санаачлагад Клаудия Шиффер, Синди Шерман, Шарлотта Генсбур, Диана фон Фюрстенберг, Аэрин Лаудер, Анна Делло Руссо, Инес де ла Фрессанж, Кайли Миноуг, Карин Ройтфельд ба Каролин де Мегрэ гэх зэрэг загварын салбарт олон жил ажиллаж буй нэр хүндтэй бүсгүйчүүд оролцжээ.

Дуудлага худалдаанд тавигдсан бүх эд зүйлс маш үнэ цэнэтэй байсан ч, Шифферийн санал болгосон Chanel-ын хүрэм тэр дундаас хамгийн хүсэмжит загвараар тодорлоо. Карл Лагерфельдын 1995 онд бүтээж байсан уг хүрэм Chanel ордны сонгодог стилийн төгс илэрхийлэл болсон бөгөөд одоо энэхүү загвар нь 2000 еврогоор үнэлэгдэж байна.

Аравдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл энд дараарай.

Buro.Mongolia

2016-10-19, 14:00

  • Зураг: