Сингапурын Vogue сэтгүүл гурван жилийн ойгоо тохиолдуулан “Next in Vogue” нэртэй нэгэн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулсан байна. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 17-19-ний хооронд зохиогдсон уг арга хэмжээний үеэр салбар, салбарын мэргэжилтнүүд загвар, технологи, гоо сайхны ертөнцийн ирээдүйн талаар хэлэлцжээ. Бүр тодруулбал орчин үед үсрэнгүй хөгжиж буй технологийн дэвшил загварын салбартай хэрхэн уялдаж, ирээдүйд энэ холбоо нь хаашаа чиглэж байгааг энэхүү арга хэмжээгээр дамжуулан харж болохоор байлаа.
Next in Vogue арга хэмжээ нь сэдэв сэдвээр нийт 11 хэлэлцүүлгийг агуулсан "Next in Vogue Conversations", дизайнеруудын шилдэг бүтээлүүдийг биет болон дижитал хэлбэрээр дэлгэсэн "Vogue Closet" болон гоо сайхны мастер классуудыг зохион байгуулсан "Vogue Glam Room" гэсэн үндсэн гурван хэсгээс бүрджээ. Арга хэмжээний гол цөм болсон "Next in Vogue Conversations" хэлэлцүүлгийн хүрээнд олон улсын мэргэжилтнүүд технологи, урлаг соёлын инновац загварын ертөнцөд хэрхэн хувьсгал хийж байгаа талаар гүнзгийрүүлсэн мэдээлэл өгч, хоорондоо мэдлэг туршлагаа солилцжээ. Жишээлбэл тэд загварын салбар дахь дижитал контентын хувьсал, AI технологи, блокчейн, тогтвортой байдал гэхчлэн дэлхий даяар ид яригдаж буй онц сонирхолтой сэдвүүдийг хөндөж, загвар болоод бусад бүтээлч салбарын дараагийн алхмыг тодорхойлолцсон байна.
Next in Vogue арга хэмжээнд Тони, Грэмми шагналд нэр дэвшсэн, бидний сайн мэдэх “Emily in Paris” цувралаараа олонд танигдсан жүжигчин, дуучин Эшли Парк, Сингапурын Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Десмонд Лим, үй олон контент бүтээгчид, брэндүүдийн захирлууд гэхчлэн салбар салбарын лидерүүд хүрэлцэн ирж гурван өдрийн турш өөрсдийн туршлагаасаа хуваалцжээ. Дашрамд дурдахад дараагийн Next in Vogue арга хэмжээ энэ оны аравдугаар сарын 10-нд зохион байгуулагдах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт