Зуны олимпын наадмын нээлтийн арга хэмжээ Парисын цагаар долоодугаар сарын 26-ны 19:30 минутад Сена мөрөн дээр зохиогдохоор болсон. Өөрөөр хэлбэл арга хэмжээ Монголын цагаар долоодугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 01:30 минутаас эхлэх юм. Энэ жилийн наадамд нийт 10,500 тамирчин 32 спортын төрөлд өрсөлдөхөөр хүрэлцэн ирэх ба Монгол улс эдгээрээс буудлага, байт харваа, бокс, дугуйн спорт, чөлөөт бөх, марафон, жүдо гэсэн долоон төрөлд оролцох болно.
Тамирчдын хувцсыг өмнө нь 2020 оны Токиогийн зуны олимп болон 2022 оны Бээжингийн өвлийн олимпод ажилласан туршлагатай Michel & Amazonka брэнд урласан билээ. Улсаасаа шигшигдсэн чадварлаг тамирчдын Олимпын тавцан дээр өмсөх хувцсыг туурвина гэдэг өөрсдийн соёлоо түгээн сурталчлах чухал ач холбогдолтой юм. Michel & Amazonka-гийн хувьд үндэстний бахархлаа даавууны ширхэгтээр төлөөлөн харуулахдаа тун чадварлаг, загварын торгон мэдрэмжтэй хамт олон болохоо урьдын наадмуудаар батлан харуулсан. Тиймээс тэд энэхүү үнэ цэнтэй үүргийг дахин хүлээж үндэсний хэв шинжээ хадгалсан, орчин цагийн хийцтэй загваруудаар тамирчдын төрхийг тодорхойлжээ.
Нээлтийн болон хаалтын арга хэмжээнд зориулж урласан тус цуглуулга нь тугчны болон парад хувцас гэсэн хоёр төрлөөс бүрджээ. Тугчины хувцсанд дээл болон хантааз, харин парад хувцасны иж бүрдэлд дээл, хантааз, монгол цамц, өмд гэсэн загварууд багтаж байгаа юм. Michel & Amazonka-гийн зүгээс загваруудаа гаргахдаа монгол хүний итгэл, бахархал, омогшлыг төрүүлэх үндэсний хэв шинжтэй байх дээр чухалчлан анхаарчээ. Түүнчлэн брэндийнхээ гоо зүйг давхар шингээж шинэлэг уур амьсгал оруулахын тулд орчин үеийн хэлбэр, хийцийг гаргасан байна.
Парис хотод долоо болон наймдугаар сард дунджаар 25-30C хэмийн халуун байдаг учраас хувцасны материал ямар байхаас шалтгаалж тамирчдын тав тух шийдэгдэх учиртай. Иймд үндсэн дээлийг зуны улиралд тохирсон нимгэн торго болон шифоноор хийсэн байна. Тус материалууд нь хүний биед харшил өгөхгүй, аливаа бохирдлыг хялбараар цэвэрлэх боломжтой, хөлөрч, норсон тохиолдолд хурдан хугацаанд хатдаг давуу талтай юм. Хантаазны хувьд мөн л салхи нэвтэрдэг, хөнгөн даавуун материалтай байна.
Үндэсний дээл өндөр нам, биеийн галбираас үл шалтгаалан монгол хүний биед таатай суудаг, мөн зохимжтой харагддаг учраас эдгээр загваруудаас ямар ч тамирчин өмссөн тухтай байхыг Michel & Amazonka онцолж байна. Ингэхдээ дээлийн гадуур өмсдөг хантаазыг уужим суга болон энгэртэй хийжээ. Энэ нь хөдөлгөөнд саад учруулахгүй чухал деталь бөгөөд гаднаасаа яг л хуяг дуулга өмссөн мэт сэтгэгдлийг төрүүлж монгол хүн, тэр дундаа тамирчдын дайчин чанарыг улам тодотгох юм. Мөн парад алхааны үед тамирчид олон цагаар дугаарлан зогсдог тул товч, бүс зэргийг аливаа саадгүйгээр энгэрээ сулладаг байхаар шийджээ.
Хантаазыг ажвал есөн хөлт цагаан туг, олимпын бамбар, алхан хээ, өлзий хээ, монгол зургийн хэв маягтай уул, үүл, төрийн сүлдний нар, сар болон гурван дөлт гал гэхчлэн алтан утсаар шагласан хатгамлууд харагдана. Эдгээр нь бүгд монгол ард түмний аз хийморийн бэлгэдлүүд бөгөөд нэг бүрчлэн дүрслэн оруулж үндэсний хээ угалзаар баяжуулсан нь утга агуулгын хувьд дахин давтагдашгүй гэдгийг Michel & Amazonka-гийн зүгээс хэлсэн юм.
Юун түрүүнд хантаазны нуруу хэсэгт торго, шифоноор хийсэн нөмрөгийг нэмэлтээр оруулж өгчээ. Энэ нь дарвуулт завин дээр явахад салхины аясанд намирч харагдах зориулалттай байна. Түүнчлэн дээлийн ханцуйд Хүннү үеийн харваач нударга хийсэн нь цэмцгэр харагдах ба өрсөлдөөнд бэлэн эрэлхэг дайчны төрхийг илэрхийлж байгаа юм. Мөн загваруудын их бие цагаан, хул өнгөтэй, харин деталиуд нь мөнх хөх тэнгэрийн хөх, мандан бадрахын улаан болон алтлаг өнгөтэй байгаа нь зуны уур амьсгалтай нийцэхээс гадна харилцан уялдаатай, тун нь таарсан, хээнцэр өнгө аястай харагдах ажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт