Манан дундаас дүүлэн гарч ирсэн галт шувуу мэт
Загварын салбар ойролцоогоор сарын өмнө шинэ шүтээнтэйгээ танилцаж, тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл түүний гайхамшигт төрхүүдийг өдөр алгасалгүй биширч сууна. Таван удаагийн Грэмми шагналтан, өдгөө 49 настай Селин Дионыг бид чадварлаг хоолой, сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээр нь сайн мэдэх ч, хэзээ ч загварын салбартай төдийлөн холбож байгаагүй билээ. Харин энэ онд тэрээр өөрийгөө шинэ өнцгөөс харуулж, кутюр ба гудамжны хувцаслалтыг гарамгай хослуулж чаддаг street style оддын нэг болоод байна.
Тэгэхээр Селин Дионы энэхүү загварын хувьсал яг хэзээ эхэлсэн бэ? Дуучин бүсгүй хамгийн анх өнгөрсөн жилийн долоодугаар сард Vetements-ын "Titanic" юүдэнтэй цамц, Saint Laurent брэндийн жийнсэн өмд ба Gucci-гийн өндөр өсгийт өмсөн Парисын гудамжинд үзэгдсэнээр хэвлэлийнхний анхаарлыг татсан юм. Тэр үед бүгд л "Хүлээгээрэй, энэ хэн бэ? Селин Дион үргэлж ийм загварлаг хувцасладаг байсан билүү?" гэцгээж, түүнийг манан дундаас дүүлэн гарч ирсэн галт шувуу хэмээн тодорхойлж байлаа.
Тэр тохиолдлоос хойш Дион бага багаар загварын салбар луу нэвтрэн орж, энэ жил Зендаягийн хувийн стилист Лов Роучтай гэрээ хийснээр өөрийн байр сууриа улам бүр баталгаажуулсан юм. Лов Роуч Канадын дуучныг минимал хэв маягаас нь холдуулж, Off-White ба Vetements гэх зэрэг гудамжны брэндүүд болон Balenciaga, Balmain гэх загварын ордуудыг хослуулан этгээд төрх бүрдүүлэхийг ятгаж чадсан юм. Нэг үгээр бол шинэ стилистийн ачаар Селин Дион илүү зоригтой болж, өдөр бүрийг шинэ хувцаслалт, шинэ сэтгэлийн хөдөлгөөнөөр эхлүүлдэг болжээ.
Ингээд харахад зоригтой байх нь өвөрмөц стиль бүрдүүлэхийн үндсэн суурь юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт