Дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын 10 хүртэлх хувийг хувцас загварын салбар бүрдүүлдэг. Иймд эрдэмтэн, судлаачид, дизайнеруудаас эхлэн байгалийн тогтвортой хөгжлийн төлөөх активистууд тус асуудлыг шийдэхээр төрөл бүрийн оролдлогууд хийдэг билээ. Үүний нэг нь аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлж буй байгальд шингэцгүй материалыг орлуулах шинэ түүхий эд боловсруулах ажил юм. Тухайлбал, Bananatex компани Филиппин улс дахь гадилын модны навчсыг ашиглан байгальд шингэцтэй материал үйлдвэрлэдэг байна. “Та эцсийн бүтээгдэхүүнээ идэж болно” хэмээн тус компанийн хамтран үүсгэн байгуулагч Ханнес Шёнеггер онцолдог бөгөөд “Бид гадилын модны хажуу талаас буюу пестицид, химийн бүтээгдэхүүн, тэр ч бүү хэл ус ч хүрээгүй байгалийн жамаараа ургадаг хэсгээс навчсаа хурааж авдаг” хэмээн Ханнес Premiere Vision Paris хурал дээр (салбарын мэргэжилтнүүд ирэх улирлуудад давамгайлах материалын талаар хэлэлцдэг) хэлсэн байна. Үүнээс гадна тус хурлын үеэр байгальд ээлтэй бусад материалуудыг танилцуулжээ. Тухайлбал, Бразил төвтэй Nova Kaeru компани нь аварга том арапаима загасны (arapaima gigas) хайрс болон халуун орнуудад ургадаг колоказия (colocasia) ургамлын навчис ашиглан арьсан материал гаргаж авдаг бол Ananas Anam компани хан боргоцойн хаягдал навчис ашиглан веган арьс үйлдвэрлэдэг аж. Тэд Nike компанитай хамтран тусгай цуглуулга гаргаж байжээ.
Түүнчлэн тус зах зээлд Испанийн Pyratex компани томоохон төлөөлөгчдийн нэгт тооцогддог. Pyratex-ийн хувьд хөвөн даавууг ердөө ганцхан материалаар орлуулах бус байгалийн тогтвортой байдлыг алдагдуулж, хомстол бий болгохгүйн тулд олон төрлийн орлуулагч материал гаргаж авах нь чухал гэж үздэг байна. Иймд тэд эрдэнэ шиш, чихрийн нишингийн хаягдлыг дахин боловсруулахаас эхлээд Исландын далайн замаг, Хятадын хулс мод, Австрийн модоор утас хийх зэрэг олон төрлийн үйлчилгээг санал болгодог юм. Мөн тэд загварын салбарт халгай ургамлаар хийсэн материал нэвтрүүлэхийг уриалдаг. “Яг үнэндээ халгайг хэдэн зууны турш хувцас урлахад ашигласаар ирсэн. Гэхдээ бид тус ургамлын талаар мартчихаж” хэмээн Pyratex компанийн хэвлэлийн төлөөлөгч Пилар Техада Лопес хуваалцсан байна. Халгай ашигласан материал торгон бүтэцтэй, маш бат бөх болдог бөгөөд өдөр тутмын болон тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэхэд ашиглах боломжтой гэнэ.
Эдгээр материал нь байгальд шингэцтэй ч салбарын мэргэжилтнүүд үүсч болох сөрөг талуудыг мөн онцолдог. “Хэрэв бид яг одоогийнх шигээ хэмжээтэй хувцас үйлдвэрлэсэн хэвээр байх юм бол шинэ материалаар орлуулах ажил ашиг тусаа үзүүлэхгүй” гэж хариуцлагатай загварын чиглэлээр мэргэшсэн The Good Goods хэвлэл мэдээллийн фирмийн ажилтан Виктуар Сатто анхааруулсан юм. Түүний хэлсний дагуу орлуулах материал үйлдвэрлэхэд ой модны устгалыг үргэлжлүүлж байгаа нь асуудлыг бүр ч илүү хүндрүүлэх боломжтой байна. Тийм ч учраас дээр дурдсан Bananatex тэргүүтэй шинэ орлуулагч материал үйлдвэрлэгч компаниуд газар тариалан явуулах тогтсон хязгаарыг давуулдаггүй гэдгээ онцолдог юм. Өөрөөр хэлбэл, тэд байгалийн хуульдаа захирагдаж, ой модоо хоморголон устгахаас зайлсхийдэг байна. “Бидний хэрэгжүүлж буй төсөл бол ой модыг нөхөн сэргээх хөтөлбөрийн нэг хэсэг. Тус төслийн тусламжтай хөрс нөхөн сэргэж, нутгийн оршин суугчид ажлын байраар хангагдаж байна” гэж Bananatex компанийн Шёнеггер хэлжээ. Мөн адил Pyratex компани нь хариуцлагатай фермерүүдтэй хамтран ажиллах дээр чухалчлан анхаарч, олон дамжлагат тээвэрлэлтийн системээс татгалзсан байна.
Үүнээс гадна Виктуар Сатто орчны бохирдлын тал хувийг хувцасны хог хаягдал эзэлдэг тул шинэ орлуулагч материалын эдэлгээ даах чанарын судалгааг нэмэлтээр хийх шаардлагатай гэдгийг анхааруулжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт