"Загвар бол тухайн хүний дотоод мөн чанарыг ямар нэг нэмэлт хачир, тайлбаргүйгээр шууд бусдад илэрхийлэх чухал хэрэгсэл. Тиймээс хувь хүн бүр өөр, өвөрмөц гэдгийг илэрхийлж чадах хувцас биднийг нэг хэвэнд цутгасан цутгуур биш гэдгийг харуулдаг. Энэ олон брэндүүд, цуглуулгууд дунд толгойгоо эргүүлэлгүй мөн чанартаа ойртож, олон зүйлд толгойгоо бүү гашилга. Зөвхөн өөрийн хийхийг хүссэн гол зүйлсдээ, аз жаргал өгдөг тэр бүхэндээ л анхаарлаа хандуул. Заавал олон тоогоор үйлдвэрлэдэг fast fashion сонгох бус цөөн хэдэн хувирах боломжит хувцсыг бид санал болгож байна" хэмээн AMULET-ийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Бэлгүтэй брэндийнхээ мөн чанарыг тодорхойлсон юм.
2010 онд Дүрслэх Урлагийн дээд сургуулийг хувцасны дизайн, зураач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн Б.Бэлгүтэй 2014 онд Италийн Ром хотын Дүрслэх Урлагийн дээд сургуульд хувцасны дизайн ба түүний тогтолцоо мэргэжлээр магистрын зэргийг хамгаалсан билээ. тэрээр суралцах хугацаандаа Японы хувцас загварын тэмцээнүүдэд амжилттай оролцон шагналт байруудыг эзэлж байсан ба 2014 онд Италийн "Riccione Moda Italia" тэмцээнд өөрийн цуглуулгыг танилцуулан, дизайнерын ур чадвараа сорин хөгжүүлж байсан туршлагатай. Харин сургуулиа төгсөж ирснийхээ дараа 2015 онд Б.Бэлгүтэй GOYO брэндэд хувцасны дизайнераар ажилласан ба энэ үедээ "Цагаан Сар", хавар-зун, намар-өвөл цуглуулгуудад загваруудаа гаргаж байжээ.
Б.Бэлгүтэй өөрийн брэндийг үүсгэн байгуулахдаа гэрээсээ хэдэн зуу, мянган бээр хол байсан ч гэртээ байгаа мэт тав тухыг мэдрүүлж чадах тийм л загварлаг атлаа тухтай хувцсыг бүтээх чин хүслийг тээж, брэндээ "Amulet" буюу азын сахиус хэмээн нэрлэсэн байдаг. Тэрээр Анхны "Free Bird" нэртэй хаврын цуглуулгаа 2018 онд танилцуулсан бөгөөд үүнээс хойш "Наадмын цуглуулга", "Butterfly Effect" зуны цуглуулга болон "A Winter Symphony" хэмээх шинэ жилийн цуглуулгуудыг ар араас нь гаргасан юм.
Энэ удаад AMULET "Oversized Paper" нэртэй цамцны капсул цуглуулгыг танилцуулж байна. Брэнд энэхүү цуглуулгаараа дамжуулан юмсын дотоод мөн чанар, агуулга нь гадаад дүр төрхөөсөө илүү чухал үнэ цэнэтэй байдгийг илэрхийлэхийг хүссэн бөгөөд ингэхдээ цуглуулгын зураг авалтыг хуучны хэвлэлийн үйлдвэрт хийжээ. "Бид ном, сонинг хичнээн гоё хэвлэгдсэнийг нь харж, гадна талаас нь илүү анхаардаг атлаа тэдгээрийг бүтээж байгаа хэвлэх үйлдвэрийн хүмүүс, тос нь асгарсан хэвлэлийн машин, түүнийг хянах самбар, хөдөлгүүр, өнгө өнгийн шинэхэн будагны үнэр, хаа сайгүй боолттой хэвтэх хуучин сонин, ороолттой том цааснууд гээд л энэ бүхэн хичнээн үзэсгэлэнтэй, мөн үнэ цэнэтэй вэ! Юмсыг өнгөц харах бус цаад бий болох үйл явцыг нь ойлгох, хүндлэх, тэдгээрийг сонирхох тэмүүлэлтэй байна гэдэг нь өөрөө үнэ цэнийг бий болгодог" гэх үгсээр дизайнер бидэнд шинэ цуглуулгын гол санааг тайлбарласан юм.
Шинэ загварууд оффис орчинд ажилладаг хүмүүст зориулагдаж, хувцсан дотроо чөлөөтэй оршин, яг л гэртээ байгаа мэт тав тухтайгаар ажиллах санааг агуулсан байна. Мөн зарим загваруудыг нь хэд, хэдэн янзаар хувирган, олон сорочка авах шаардлагагүйгээр өөрсдөө styling хийн өмсөж болох давуу талтай болжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт