Өдөн курткаг загварчлах 3 арга
Яг одоо ямар куртка худалдаж авах хэрэгтэйг, мөн тэрхүү курткагаа хэрхэн загварчилж болохыг харууллаа
Өөрт таалагдсан, төгс курткаг олно гэдэг амаргүй ажил. Өвлийн тэсгэм хүйтнээс хамгаалах чадвартай хэрнээ хэт спорт хэв маягтай биш, мөн брюк өмд ба юбка зэрэг албаны хувцастай зохицдог байх учиртай гээд тавигдах шалгуур олон бий. Мөн хар бараан өнгө давамгайлсан хүйтэн өдрүүдэд сонгосон курткагаа загварлаг байдлаар хослуулж өмсөнө гэдэг бас нэгэн хүнд даалгавар билээ. Тиймээс бид уншигчиддаа зориулан яг одоо ямар куртка тренд болж байгааг, мөн тэрхүү курткаг хэрхэн загварчилж болохыг доорх гурван жишээ дээр харууллаа.
Тэгш бус эсгүүртэй жийнсэн өмд болон цахилгаантай свитер цамц нь биед эвтэйхэн төдийгүй сүүлийн үед тренд болоод буй загварууд юм. Харин цэргийн ногоон өнгийн сул эсгүүртэй өдөн куртка нь ийм төрлийн өдөр тутмын хувцаснуудтай төгс зохицдог. Мөн илүү загварлаг харагдахыг хүсвэл курткатайгаа ижил нейлонон материалтай үүргэвч сонгож болох юм.
Пальто мэт эсгүүртэй урт куртка нь спорт хувцас шиг харагддаггүй тул эмэгтэйлэг, сонгодог төрх бүрдүүлэхэд нэн тохиромжтой байдаг. Харин өвдөг давсан торгон юбкаг ижил өнгийн урт түрийтэй арьсан гуталтай хослуулж, дээр нь oversize ноолууран цамц өмсөх нь өвлийн хүйтэн өдрүүдэд бүрдүүлж болох хамгийн загварлаг, эмэгтэйлэг төрхүүдийн нэг юм шүү.
Богино өдөн куртка болон трапеци хэлбэрийн жийнсэн өмд нь хоорондоо сайхан зохицдог. Харин цагаан өнгийн гар цүнх нь өвлийн улиралд тэр бүр харагддаггүй өвөрмөц сонголт болж, хувцаслалтын хар бараан өнгийг саармагжуулж өгнө.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт