Загварын ертөнцөд шинэ нэр: Солонгосын дизайнер Bajowoo

G-Dragon, CL, Жастин Бибер ба Леди Гагагийн сонголт

Олон нийтийн жишигт нийцэж, дүрмийн дагуу тоглох дургүй дизайнер Bajowoo Сөүлийн загварын долоо хоногийн хамгийн гэнэтийн бас дуулиантай шоуг зохион байгууллаа

Өнгөрсөн долоо хоногт зохиогдсон Сөүлийн загварын долоо хоногийн хүрээнд нэгэн дизайнер өөрийн нэрийг дэлхийн тавцанд гаргаж чадлаа. Сөүлд төрж, Токиод ажилладаг дизайнер Bajowoo Сөүлийн Grand Hyatt Hotel зочид буудлын машины зогсоолыг аравдугаар сарын 18-19 шилжих шөнийн турш эзэгнэж, 99%IS гэх панк рок хэв маягтай, сахилгагүй брэндийнхээ хавар-зун 2017 улирлын шинэ цуглуулгыг танилцууллаа. Загварын шоу эхлэхээс дөнгөж 24 цагийн өмнө гэнэтийн урилга хүлээн авсан загварын редакторууд, алдартнууд ба салбарын нөлөө бүхий хүмүүс дунд K-Pop-ын томоохон од G-Dragon болон дэлхийд алдартай Vetements брэндийн үүсгэн байгуулагч Демна Гвасалиягийн төрсөн дүү Гурам Гвасалия нар үзэгдлээ.

Дизайнерын зохион байгуулсан шинэ цуглуулгын танилцуулгыг загварын шоу гэхээсээ илүү панк рок уур амьсгалтай үймээн хэмээн нэрлэхэд тохиромжтой юм. Харанхуй манантай орчноос гартаа согтууруулах ундаа ба тамхи барин гарч ирсэн загвар өмсөгчид цуглуулгын сүлбээр зүү ба төмөрлөг таваар баялаг, "сүйрсэн" эсгүүртэй хувцаснуудаар гоёж, бяцалсан ундааны савыг нүдний шил болгон зүүсэн байлаа. Эхний эгнээнд суух зочид ч бас дизайнерын стильд тааруулан савхин хүрэм, торон тирко ба платформтой гутлаар гоёсон байв.

"Бусадтайгаа уусдаггүй хүн амын 1%-ийг эзлэх бүлэг хүмүүс гэж бий. Нийгэм биднийг ойлгохыг хүсдэггүй. Гэхдээ миний бас найзуудын маань хувьд энэ нь бидний бүх зүйл, бидний 99% юм" хэмээн Bajowoo брэндийнхээ нэрийг тайлбарладаг. Таван жилийн өмнө үүсгэн байгуулагдсан түүний этгээд брэнд Солонгосын хамгийн томоохон одууд болох G-Dragon ба CL-ийн дэмжлэгийг хүртэж, мөн Жастин Бибер ба Леди Гага нарын сонголт болж чадсанаар өнөөдөр дэлхийн загварын салбарт өөрийн гэсэн байр суурийг эзэлж байна.

намар-өвөл 2014/2015 цуглуулгаас

Өөгүй төгс эсгүүр гаргаж чаддаг солонгосын залуу дизайнер цуглуулгынхаа бүх деталийг өөрийн гараараа урладгаараа алдартай. Тэр мөн дэлхийн олон орнуудаар аялж, туршлага хуримтлуулсны эцэст панк хэв маягийн этгээд гоо үзэсгэлэнг мэдэрсэн нэгэн юм. "Та өөрийн биеэр амсаагүй тохиолдолд бодит үнэнийг хэзээ ч олж мэдэхгүй. Тухайлбал Coca Cola гэх бичигтэй зүйлийг та амсаж үзэхээс нааш үнэхээр Cola ундаа мөн эсэхийг мэдэх боломжгүй. Энэ нь Dr.Pepper эсвэл шар буурцгийн цуу ч баж мэднэ шүү дээ. Хүмүүс панк хэв маягийг сөргөөр хүлээж авдаг. Харин би өөрийн хувцаснуудаараа энэ ташаа ойлголтыг үгүйсгэмээр байна" хэмээн дизайнер загварын шоуны өмнө хэвлэлийнхэнд ярьжээ.

Ө.Тодгэрэл

2016-10-24, 17:00