Эрүүл хооллолтыг илүү таатай болгох таван дүрэм

Хоол тэжээлийн мэргэжилтэн зөвлөж байна

Бид бүхий л амьдралынхаа туршид эрүүл хооллолтын талаар маш олон зөвлөгөөг сонсож, тэдгээрийгээ хэрэгжүүлж ирсэн. Жишээ нь "Хүнсний бүтээгдэхүүнийг жигнэж идэх хэрэгтэй", "Талхны зүг рүү харах ч хэрэггүй" гэх зэрэг олон хэвшмэл ойлголтууд оршин тогтносоор байдаг. Гэхдээ илүү удаан хугацааны турш эрүүл, цэвэр хоолны дэглэм барихад амттай, хүссэн зүйлээ идэхгүй тэвчих нь үнэхээр хэцүү гэдэгтэй хүн бүр санал нийлнэ байх.

Тэгвэл бид эрүүл, цэвэр хооллох хүсэл эрмэлзлээ хэрхэн нэмэгдүүлэх вэ? Үүний тулд бид заавал өөрсдийн дуртай хоол хүнснээсээ татгалзах хэрэгтэй гэж үү? Энэ тухай бид YOLO Food компанийн хоол, тэжээлийн мэргэжилтэн Жейн Фриманаас асууж, эрүүл хооллолтыг хэрхэн илүү таатай, хэрэгжүүлэхэд амархан болгох талаар зөвлөгөө авлаа.

Нүүрс уснаас бүү ай

Тийм ээ, та зөв уншсан. Нүүрс усанд агуулагддаг глюкоз нь тархины гол "түлш" нь болж өгдөг. Мөн эрчимтэй дасгал хийх үед нүүрс ус нь биеийн энергийн эх үүсвэр болно. Тиймээс та бор будаа, шпагетти зэрэг гликемийн индекс багатай хүнсний бүтээгдэхүүн сонгож идээрэй.

Уураг үргэлж зөв сонголт болно

Хэрэв та ямар нэг үдэшлэгт уригдаж эсвэл амралтын өдрүүдээр баар, ресторанд орох шаардлага гарвал хоолны цэснээс үргэлж тахианы махыг сонгоорой. Брускетта, чипс, сальса гэх зэрэг нүүрс усны агууламж өндөртэй зуушнуудаас илүү их уураг хүртэж, цатгалан мэдрэмжийг хурдан авах болно. Ингэснээр та хэтрүүлэн идэхээс хамгаалагдах юм.

Порцоо хяна

Та гэртээ хоолоо идэхдээ стандарт хэмжээтэй таваг сонгоорой. Харин дараа нь будаа, мах, ногоо гээд хүнсний бүтээгдэхүүнүүдээ хооронд нь огт шүргэлцэхгүй байдлаар таваглах хэрэгтэй. Эрүүл хооллолтонд хоолны порц хамгийн чухал үүрэгтэй байдаг. Тиймээс та энэхүү дүрмийг мөрдсөнөөр хоолоо зохистой хэмжээгээр идэж байна гэдэгтээ итгэлтэй байж болно.

Усандаа нимбэг хийгээрэй

Цэвэр усыг илүү сайхан амттай болгохын тулд нимбэг нэмж хийгээрэй. Нимбэг нь нэмэлт илчлэггүйгээр усанд амт нэмээд зогсохгүй бодисын солилцоог түргэсгэдэг давуу талтай.

Сүмсний оронд байгалийн гаралтай амтлагч хэрэглээрэй

Хоолоо амтлахдаа буурцагны сүмс болон бусад савласан амтлагчуудыг сонгохын оронд байгалийн гаралтай хуурай амтлагчуудыг хэрэглэх нь илүү эрүүл сонголт болно. Жишээ нь куркума (turmeric), шанц, цагаан гаа зэрэг амтлагчууд нь цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Мөн ингээд ч зогсохгүй эдгээр амтлагчууд нь илчлэг бага агуулдаг давуу талтай.

Buro.Mongolia

2017-09-25, 14:00

  • Зураг: