Сүүлийн жилүүдэд кетогенийн дэглэмийн оргил үе тохиож байна. Дэлхий даяар, тэр дундаа одуудын дунд алдаршаад байгаа энэхүү хоолны системийн онцлог, давуу болон сул талуудын талаар хоол тэжээлийн мэргэжилтнүүдээс тодрууллаа.
Кето дэглэм гэдэг нь өөх тос давамгайлсан, нүүрс ус багатай, уураг зохистой хэмжээнд агуулсан хоолны дэглэмийг хэлнэ. Нүүрс усны хэрэглээг хязгаарласнаар хүний бие организмд кетонын бие үүсдэг ба энэ нь өөх тосыг задалдаг байна. Энэ төлөвийг кетоз гэж нэрлэдэг аж. Кетозын үед эпилепс буюу татаж унах өвчний эрч ба давталт нь харьцангуй багасдаг бөгөөд зарим тохиолдолд бүр 50% буурдаг болохыг эмч нар тогтоожээ. Тиймээс эмийн үйлчилгээ нөлөөлдөггүй эпилепстэй хүүхдүүдэд кетогенийн хоолны дэглэмийг ашиглан эмчилгээ хийдэг аж. "Энэ төрлийн судалгааг 1930-аад оноос эхлэн хийж байгаа. Эпилепс өвчнийг эмчлэхэд тохирсон эм зах зээлд нэвтэрч эхлэхэд кетогенийн дэглэмийн талаарх яриа намжсан юм. Өнөөдрийн байдлаар эпилепсийн эсрэг эм үйлчлэхгүй байгаа тохиолдолд кетогенийн дэглэм нь үүнийг эмчлэх сүүлчийн арга болж байна" гэж Crocus Fitness төвийн мэргэжилтэн ярилаа.
Кето дэглэмийн талаар бүгд ярьж байна
Өөх тос ихтэй хоол идэнгээ турна гэхээр сонирхолтой сонсогдож байгаа биз? Огт өлсөхгүй, калорио тоолох ч шаардлагагүй. Гэхдээ нүүрс ус бараг идэхгүй. Өлсгөдөггүй хоолны дэглэм баримталж хурдан хугацаанд өөхөө шатаах бөгөөд энэ үед хоолны дуршил хэт их хөдөлж, тэвчээр алдаж дэглэмээ болих тохиолдол үүсэхгүй байдгаараа давуу талтай. Тиймээс л энэхүү хоолны дэглэмийг туршиж үзэх хүмүүс олон байдаг гэдгийг World Class төвийн эмч онцолж байна.
Олон жилийн турш кето дэглэмийг хэрэгжүүлж, олон нийтэд сурталчилж ирсэн одууд хүнсний бүтээгдэхүүний өргөн сонголттой илүү "зөөлөн" хувилбарыг баримталдаг. Жишээ нь тэд хангалттай хэмжээний ногоо болон чихэр багатай жимс хэрэглэдэг байгаа. Гэхдээ та эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэвийн хэмжээнд идэж эхлэхэд энэ нь кето дэглэм биш (учир нь кетоз явагддаггүй) харин тэнцвэртэй, эрүүл хооллолт болж хувирдаг. Ийм төрлийн хооллолт нь өөх тос, нүүрс ус, уургийн хувьд тэнцвэртэй байдаг бөгөөд хоол тэжээлийн мэргэжилтнүүд залуу, сайхан гаднах төрхийг олж авч, эрүүл байхын тулд уг дэглэмийг удаан хугацааны турш баримталж, амьдралын хэв маягаа болгохыг зөвлөдөг байна.
"Кето дэглэм өмнө нь дэлгэрч байсан Дюкан ба цусны бүлгийн дэглэмтэй адил бас нэгэн тренд юм. Уг дэглэм нь зөвхөн трендийн ачаар хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Гол асуудал нь жин хасаж, үр дүнгээ хадгалах нь маш хэцүү даалгавар болдог бөгөөд зөвхөн төрөлхийн гоолиг хүмүүст л энэ нь амархан байдаг. Тийм ч учраас гоолиг биетэй болох нь асар хүнд даалгавар юм. Ялангуяа одууд биеийн жингээ хадгалах шаардлагатай байдаг тул тэд цаг үргэлж шинэ арга барилыг хайж, зовлонгоо хөнгөлөхгүй юм аа гэхэд ядаж жин хасах үйл явцыг өөрчилж, арай сонирхолтой болгохыг хичээдэг. Үүнд л олон янзын шинэ дэглэмүүдийн утга учир оршиж байгаа" гэж GrinDin компанийн хөгжил хариуцсан захирал хэлсэн байна.
Кето дэглэм тэнцвэртэй шим тэжээл агуулдаггүй
Кето дэглэм нь зарим нэг хүнсний төрөл зүйл ба үүнд агуулагддаг шим тэжээлийг үгүйсгэдэг. Тиймээс бусад хүнсний бүтээгдэхүүний хязгаартай дэглэмүүдийн адил заавал хоол тэжээлийн мэргэжилтний хяналтан дор хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр мэргэжилтэн таны онцлогт тохируулан нэмэлт амин дэм, эрдэс бодисуудыг бичиж өгөх болно. "Кето дэглэмийн шүтэн бишрэгчдийн гаргадаг гол алдаа нь кетозын үед бие организм олон жилийн турш хуримтлагдсан өөхийг бус ихэвчлэн хоолноос авч буй өөх тосоо шатаадаг гэдгийг ойлгодоггүйд байгаа юм. Зөвхөн калорийн хомсдол үүсэж байж бие организм өөхөө задалж эхэлдэг гэдгийг санах хэрэгтэй. Уламжлалт кето дэглэмийн үеэр өдөрт авах ёстой илчлэгийн 70-75% өөх тосноос, харин ердөө 5% нүүрс уснаас авдаг байна. Энэ нь та өдөрт ердөө 20-30 г нүүрс ус идэх ёстой гэсэн үг юм. Жишээ дурдахад дундаж хэмжээтэй алимд ойролцоогоор 25 г нүүрс ус агуулагддаг. Тиймээс та алим, будаа, гадил, талх, гоймон болон амттаны талаар мартаж болно. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутамдаа иддэг асар олон төрлийн бүтээгдэхүүнүүд автоматаар хязгаарлагдаж байгаа юм. Ийм хатуу дэглэм баримтлах нь сэтгэл санааны хувьд асар хүнд тусдаг" хэмээн Crocus Fitness төвийн мэргэжилтэн нэмж онцоллоо.
"Хэрэв та эрүүл мэнддээ анхаардаг бол энэхүү дэглэмийг баримтлах хэрэггүй. Хүний бие организмд тэнцвэртэй хооллолт шаардлагатай. Тэглээ ч ямар ч тохиолдолд бүх дэглэмүүд 3-4 сарын хугацаанд яг ижил үр дүнг өгдөг болохыг шинжлэх ухаан нэг бус удаа баталж байсан. Тиймээс өөрийнхөө хувьд хамгийн эрүүл, зөв хооллолттой дэглэмийг сонгох нь зүйтэй" гэж GrinDin компанийн мэргэжилтэн зөвлөлөө.
Давуу талаас илүү сул тал ихтэй
Кето дэглэмийг ашиглан хэдхэн хоногийн дотор үнэхээр жин хасах боломжтой. Гэхдээ дотор муухайрах, өтгөн хатах, бөөлжих, бөөрний чулуу үүсэх, цусан дахь липид өөрчлөгдөх гэх зэрэг гаж нөлөөнүүд нь уг дэглэмийг эрүүл мэндэд аюултай болгодог. "Нүүрс усны (глюкоз) хэрэглээг эрс хязгаарласнаар цусан дахь сахарын хэмжээ багасаж, сэтгэл санааны байдал тогтворгүй болоход хүргэнэ. Гэдэсний бичил орчны хэвийн үйл ажиллагааг дэмждэг эслэг (жимс, ногоонд агуулагддаг) дутагдсанаар ходоодны үйл ажиллагаа мууддаг. Мөн кетонын бие эрс нэмэгдсэнээр бие, ам ба шээснээс ацетоны үнэр ялгарах магадлалтай. Энэ нь бие организм кетозын төлөвт шилжсэнийг илтгэж байгаа бөгөөд эвгүй үнэрийг арилгахын тулд илүү их шингэн зүйл уух хэрэгтэйг санаарай" гэж World Class төвийн эмч хуваалцсан юм.
Дэглэмийн үеэр тодорхой хэдхэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг тул жин хасахын тулд хоолны илчлэгээ багасгах шаардлагагүй. Хэрэв та загас, авокадо, мах, самар зэрэг тослог ихтэй бүтээгдэхүүнд дуртай бол бусад төрлийн дэглэмээс илүү танд кето дэглэм тохиромжтой байх болно гэдгийг мэргэжилтнүүд давхар онцолж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт