Илүү тансаг
Та бид онгоцны бүхээгний загвар ямар байдаг тухай мэддэг бүхнээ ахин нэг эргэцүүлж үзэх хэрэг гарлаа. Учир нь нэгдүгээр зэрэглэлээс ч дээгүүр түвшний шинэхэн зүйл удахгүй гарах нь ээ
Mercedes-Benz авто машинаас гадна нүдний шил, орон сууцны дотоод засал, дарвуулт завь зэрэг тансаг зэрэглэлийн олон бүтээгдэхүүн гаргадаг билээ. Бид энэ удаа Lufthansa Technik компанитай хамтран хэрэгжүүлж буй нэгэн төслийг нь танилцуулахаар шийдлээ. Тэд хамтдаа жет онгоцны VIP бүхээгний зах зээлийг өөрчлөх шинэ загвар дээр ажиллаж байгаа юм. Энэхүү тансаг зэрэглэлийн загвар амьдрал дээр биеллээ олж, агаарт хөөрөх цагт дэлхийн олон хөрөнгөтнүүд өөрийн болгохыг хүсэх нь гарцаагүй биз ээ.
Тус загварт дурдаж болох олон онцлог бий бөгөөд хамгийн түрүүнд онгоцны бүхээг уламжлалт эгнээ суудалтай байдгийг энэ давшингуй загвар эвдэж, Mercedes-Benz-ийн машинуудаас олж хардаг тансаг зэрэглэлийн тохижуулалтыг шингээжээ. Бүхээгт тансаг зэрэглэлийн тайван мэдрэмж оруулахын тулд цонхнуудыг бүгдийг нь хамарсан хар шилэн хавтан суурилуулж өгчээ. Зарим концепц зурган дээр энэхүү хавтан ухаалаг дэлгэц мэт дуу, дүрс гардаг байх өндөр магадлалтай байна. Женев хотноо 2015 онд болсон EBACE буюу Европын бизнес ангиллын агаарын хөлгүүдийн үзэсгэлэнд хоёр компани хамгийн анх энэ загварыг танилцуулсан юм. Тэр үед зохион бүтээгчдийн зүгээс хэрэглэгчид үүлэн дунд умбах тав тухтай байдалд өөр юу хэрэгтэй гэж үзэж байгааг мэдэх зорилготой судалгаа явуулж, загвараа сайжруулахаар болжээ.
Одоогоор энэ бүтээл хэзээ олны хүртээл болох нь тодорхойгүй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт