Хайх

Apple компани хүчирхэг функцтэй шинэ iPhone 16e загвараа танилцууллаа

Text: Э.Цовоо


Өчигдөр Apple компани iPhone SE загварын дараагийн хувилбар болох цоо шинэ iPhone 16e ухаалаг гар утсыг танилцуулжээ. Энэхүү загвар нь үйлдлийн системийн хувьд iPhone 16 цувралтай тун төстэй боловч үнийн хувьд харьцангуй хямд гэдгээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татаад байгаа юм. 

Тухайлбал, шинээр танилцуулагдсан iPhone 16e загвар нь хамгийн сүүлийн үеийн хүчирхэг A18 Pro чиптэй ба 6.1 инчийн OLED технологи бүхий Super Retina XDR дэлгэц, ус, тоос шороонд тэсвэртэй дизайнтай төдийгүй урд дэлгэцийн шил нь бусад ухаалаг гар утастай харьцуулахад бат бөх гэдгээрээ онцлог аж. Камерын хувьд маш өндөр нарийвчлал бүхий зураг авах боломжтой 48MP, Telephoto camera-2X зэрэг үзүүлэлттэй бөгөөд TrueDepth технологи бүхий урд камер нь Face ID дэмждэг болсон байна. Харин цэнэгээ барих чадвар нь iPhone 11-ээс 6 цаг, iPhone SE загвараас 12 цаг илүү хугацаагаар ашиглах боломжтой болж сайжирчээ. Нөгөөтээгүүр iPhone 16e загвар нь MagSafe технологи буюу Apple-ийн тусгай соронзон холболт системийг дэмждэггүй сул талтай аж. 

Мөн тус загварын онцлох инновацуудын нэгээр мэдээж Apple Intelligence систем дурдагдаж байв. Ингэснээр хэрэглэгчид үндсэн аппликейшнуудаа хиймэл оюун ухаантай холбож, өдөр тутмын хэрэглээг улам хялбаршуулах, Siri ChatGPT-ээс шууд мэдээлэл татах, зөвхөн дуу хоолойгоор бус бичгээр харилцах гэхчлэн олон ухаалаг үйлдлүүдийг хийх боломжтой болж байгаа юм. 

iPhone 16e загвар нь хар, цагаан өнгөний сонголттойгоор, 599 ам.доллароор худалдаалагдах ба урьдчилсан захиалга нь АНУ-д хоёрдугаар сарын 21-ний өдөр эхэлнэ. Харин Австрали, Канад, Хятад тэргүүтэй 59 оронд хоёрдугаар сарын 28-ны өдөр албан ёсоор худалдаалагдахаар болжээ.

Мөн Apple компани iPhone 14, iPhone 14 Plus, iPhone SE 3 загваруудыг дахин худалдаанд гаргахгүй болсон гэдгээ мэдээлсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх