Грэмми 2022: Шилдэг гоо сайхны төрхүүд

Грэммигийн улаан хивсний ёслолд оролцох зочид бусад наадмуудтай харьцуулахад маш бүтээлч, зоригтой, үл ялиг этгээд төрхүүд бүрдүүлдгээрээ онцлог байдаг. Энэ жилийн хувьд ч гэсэн зочдын сонирхолтой төрхүүд камерын дуранд өртжээ. Тухайлбал, Doja Cat болон Билли Айлиш нар чёлка тайрч, үсээ дээш шуусан хайхрамжгүй үсний засалтаараа Y2K эрин үеийг эргэн сэргээсэн байна. Мөн The Kid Laroi, Diplo, Spice, J Balvin нарын усан ягаан болон номин ногоон өнгийн үс ёслол дээр хаврын уур амьсгал оруулж байв. Харин Дуа Липа Versace брэндийн винтэж даашинзаар гоёод зогсохгүй Донателла Версачегийн нэрийн хуудас болсон платинум шаргал өнгийн шулуун үстэй гарч ирэн олныг гайхшрууллаа.

Наадамд хүрэлцэн ирсэн зочдоос Аврил Лавин, Парис Хилтон, Хэйли Бибер нар өөрсдийн хэв маягтаа үнэнч үлдэж смоки, гламур, минимал гоо сайхны төрхийг тус тус бүрдүүлжээ. Түүнчлэн Megan Thee Stallion-ы муурын нүд, Мишель Заунерын даашинзтайгаа өнгө хослуулсан шар өнгийн контур, Холзигийн гламур төрх, Lil Nas X дуучны цэнхэр саа бүхий нүдний будалт анхаарал татсан юм.

Buro.Mongolia

2022-04-04, 14:23