Бүтээлч манлайлал болон сайн дизайны үнэ цэнийн талаар АНУ-ын мэргэжилтэн Бен Рэймэр лекц орно

Бэн Рэймэр нь Gucci, Ford, Bulgari, Samsung, Heineken зэрэг олон том брэндүүдийн бүтээлч төсөл дээр ажилласан туршлагатай нэгэн

Стратегийн зөв бодлого, бүтээлч дизайн, чадварлаг манлайлал болон үргэлж шинийг санаачилдаг, бүтээмж өндөртэй ажилчид гэдэг аль ч салбарын бизнесийн амжилтын үндэс билээ. Асар хурдацтай өөрчлөгдөж буй эрин үед амьдарч байгаа бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд хурдтай, бас бүтээлч байх нь заавал эзэмших ёстой чадваруудын нэг болоод байна. Тэгвэл яг энэ чиглэлээр 15 жилийн турш олон төрлийн салбарт ажиллан нөр их туршлага хуримтлуулсан мэргэжилтэн Бэн Рэймэр зөвлөгөө өгөхөөр Монголыг зорин иржээ.

Бэн Рэймэр нь Creative Director of Experiential Spaces буюу орон зайг шинэлэг, бүтээлч байдлаар ашиглан хэрэглэгчдэд тухайн газар болон бүтээгдэхүүнийг өвөрмөц шийдлээр хүргэх стратеги, чиг хандлагыг тодорхойлогч юм. Тэрээр 2018 онд өөрийн STUDIO YOUNG T4STE (SYT) компанийг байгуулсан бөгөөд түүний удирдлага доорх мэргэжилтнүүд маркетинг, худалдааны стратеги болон дизайн, дотоод заслын талаар зөвлөгөө өгч, шинэлэг, бүтээлч төслүүд дээр ажилладаг байна. Бэн гарааны жижиг бизнесээс эхлээд бидний сайн мэдэх Gucci, Ford, Bulgari, Victoria’s Secret, Samsung, Heineken зэрэг олон том брэндүүдийн бүтээлч төсөл дээр ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэн энэ долоодугаар сарын 21 болон 22-ний өдрүүдэд хэрэглэгчийн туршлага болон бүтээлч сэтгэхүйн ирээдүйн талаарх лекц ба хэлэлцүүлгийг Монголд анх удаа зохион байгуулах юм. Хэрэглэгчийн туршлага гэдэг нь үйлчлүүлэгч ямарваа нэгэн байгууллага болоод компанийн талаар мэдэх болсон цагаас эхлэн төрж болох олон мэдрэмжүүдийн нийлбэр юм. Өрсөлдөөн ихтэй, хэрэглэгчийн шалгуур маш өндөр болсон өнөө үед бизнес эрхлэгчид хэрэглэгчдэд үзүүлж буй туршлагадаа анхаарч, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгож, тэдэнтэй илүү ойр байх замаар өрсөлдөөнд давуу талыг олж аван бизнесээ хөгжүүлэх шаардлагатай болоод буй билээ.

Эхний өдрийн хэлэлцүүлэг компанийн удирдлагуудад илүүтэйгээр зориулагдах ба “Creative Leadership – Good Design vs Your Bottom Line” буюу бүтээлч манлайлал, сайн дизайн компанийн ашигт хэрхэн нөлөөлөх талаар лекц, хэлэлцүүлэг өрнөх юм. Харин хоёр дах өдөр нь “Pushing Design Forward & Valuing Your Creative Work” буюу бүтээлч ажлаа хэрхэн үнэлүүлэх, өөрийн үнэ цэнийг хэрхэн тогтоох талаар ярилцах ба энэ нь дизайнерууд, зөвлөхүүд болон бүтээлч хэн бүхэнд зориулагдах тул уншигч та бүхнийг зорин очихыг уриалж байна.

“Creative Leadership – Good Design vs Your Bottom Line” лекц ба хэлэлцүүлэгт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

“Pushing Design Forward & Valuing Your Creative Work” лекц ба хэлэлцүүлэгт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу

А.Сарнай

2022-07-08, 16:19